Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, Мөрөн сум болон Цагаан-Уул сумын голомтын зарим хэсэгт 2025 оны 9-р сарын 4-нөөс 11-ний хооронд хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Тарваган тахлаар өвчилсөн 24 настай малчны биеийн байдал хүнд байгаа бөгөөд түүний ойрын хавьтлын 64 хүнийг эмнэлэг болон гэрийн тусгаарлалтад оруулан хяналт тавьж байна. Одоогоор тандалт, судалгааны ажил идэвхтэй явагдаж байгаа бөгөөд хорио цээрийн хугацааг сунгах эсэхийг аймгийн Онцгой комисс ойрын хугацаанд шийднэ.
Цагаан-Уул сумын Онцгой комисс 2025 оны 9-р сарын 4-ний 21:30 цагт хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ. 2025 оны 9-р сарын 4-7-ны өдрүүдэд:
- Сумаас гарах хөдөлгөөнийг түр хязгаарлана.
- Сум руу орох хөдөлгөөн хэвийн явагдана.
Сумаас гарахыг зөвшөөрөх онцгой тохиолдлууд:
- Албан томилолт (Сумын Онцгой комиссын бичигтэй).
- Ар гэрийн гачигдал (Сумын Онцгой комиссын бичигтэй).
- Эрүүл мэндийн шалтгаан (Эрүүл мэндийн төвийн албан бичигтэй).
Халдварын тархалттай холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын Газраас бусад сумдад өдөр тутмын бэлэн байдлыг хангахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгожээ. Мөн тарваган тахлын голомтын бүс болон Мөрөн суманд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.