Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тарваган тахлын нөхцөл байдал болон анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
Нөхцөл байдал
- Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэн тарваганы мах идсэнээ эмч нарт хэлээгүйгээр олон эмнэлгээр явжээ.
- Энэ хугацаанд өвчний шалтгаан тодорхойгүй байсан тул оношилгоо удааширч, халдвар дамжих ноцтой нөхцөл үүссэн байна.
- Иргэн комд орсны дараа ар гэрийнхэн нь “тарваганы мах идсэн” тухай мэдээлснээр л онош батлагдсан аж.
Эрүүл мэндийн байгууллагын эрсдэл
- Сумын эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, эрчимт эмчилгээний тасгийн ажилчид халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд орсон.
- Сайд Ж.Чинбүрэн: “Тарваган тахал ямар аюултайг бид мэднэ. Хамгийн чухал нь тарвага агнахгүй байх, халдварыг тараах эрсдэлээс сэргийлэх” гэж онцоллоо.
Авсан арга хэмжээ
- 110 иргэнийг нэгдүгээр хавьталд тооцон хяналтад авчээ.
- УОК болон аймгийн Онцгой комисс хатуу дэглэм тогтоосон хэвээр:
- Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон.
- Худалдаа, аж үйлдвэрийн газруудыг хаасан.
- Есдүгээр сарын 15 хүртэл Хөвсгөл аймгаас гарах хөдөлгөөнийг бүрэн хориглосон.
- Нэмж, Улаанбаатараас явуулын баг болон хоёр хөдөлгөөнт лаборатори илгээсэн.
- Эдгээр лабораторийн тусламжтайгаар 72 цагийн дотор нян судлалын шинжилгээ хийж, халдварыг илрүүлэх боломж бүрдэж байгаа юм.
- Мөн ХӨСҮТ, НЭМҮТ, Зоонозын үндэсний төвийн багууд газар дээр нь ажиллаж байна.