Шинэ шийдвэрийн агуулга
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор виртуал бүс байгуулах шийдвэр гаргалаа. Үүнтэй зэрэгцэн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам”, “Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан байна.
Компаниудад олгох дэмжлэг
Виртуал бүсэд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж нээгдэж байна. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн тусламж үзүүлсэн тохиолдолд татварын давуу эрх эдлэх зэрэг зохицуулалтууд багтжээ.
Мөн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуульд туссан есөн төрлийн дэмжлэгийг технологийн компаниудад олгохоор болсон байна. Үүнд патентжуулалт, олон улсын чанарын баталгаажуулалт, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн олговор, хиймэл оюуны төслийн зардлын тодорхой хувьд грант олгох, гарааны компаниудад судалгаа хөгжүүлэлтийн дэмжлэг үзүүлэх, зээлийн батлан даалт, зээлийн хүүгийн санхүүжилт, хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл тооцох зэрэг багтжээ.
Ач холбогдол
Виртуал бүс байгуулагдсанаар Монгол Улс олон улсын сайн туршлагыг нутагшуулж, технологийн хөгжилд хурдасгуур болох боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Энэ нь уул уурхайгаас ангид, оюуны бүтээлд суурилсан экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход чухал алхам болох аж.
Монголын мэдээллийн технологийн компаниудын олонх нь гарааны хэлбэртэй, хөрөнгө оруулалт болон төрийн дэмжлэг дутагдалтай байдаг. Ийм нөхцөлд тэд бусад улс орны хурдасгуур хөтөлбөрийг сонгож, үйлдвэрлэлээ гадаадад шилжүүлэх эрсдэл үүсдэг. Тиймээс 2024 оны зургаадугаар сард баталсан “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах суурь дэд бүтэц нь энэхүү виртуал бүс болохыг онцолж байна.
Товч мэдээ
Засгийн газар мөн Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засварт 645 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ. 1960 оноос ашиглалтад орсон тус театрын дээвэрт өнөөг хүртэл их засвар хийгдээгүй тул бүтцийн эвдрэл, гэмтэл үүссэн байна.