Эрүүл нойр амьдралын чанарыг тодорхойлдог
Хангалттай нойртой байх нь зөвхөн эрүүл бие махбодод бус сэтгэл зүй, өдрийн бүтээмж, амжилтад чухал нөлөө үзүүлдэг. Гэвч олон хүн өглөө эрт босох нь өдрийн хамгийн том сорил болдог. Энэтхэгийн нойрны төвийн захирал доктор Абхинав Сингхийн зөвлөмжүүдийг хүргэе.
Эрт унтаж сур
Хэт их дэлгэцийн хэрэглээнээс болж оройтож унтах зуршилтай бол өглөө эрт сэрэхэд хүндрэлтэй. Эрт унтах нь эрүүл мэндэд тустайгаас гадна сэрэхийг илүү хөнгөвчилнө. Судалгаагаар шөнө эрт унтдаг хүмүүс илүү эрүүл байдаг нь тогтоогджээ.
Кофеин ба согтууруулах ундааг хязгаарла
Унтахаасаа дор хаяж зургаан цагийн өмнө кофе уухгүй байх нь чухал. Мөн оройн цагаар согтууруулах ундаа хэрэглэх нь чанартай нойр авахад сөргөөр нөлөөлдөг.
Эрүүл өглөөний цай сонго
Цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэггүй нүүрс усны эх үүсвэр болох овъёос, хивэгтэй бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо хэрэглэвэл өглөө илүү сэргэг байдаг. Харин гурилан бүтээгдэхүүн, цагаан талх цусан дахь сахарын хэмжээг огцом ихэсгэдэг тул зайлсхийх нь зүйтэй.
Оройн хоолоо эрт ид
Хоолны цагийг урагшлуулж, оройн 7 цагаас хойш хоол идэхгүй байх нь биологийн хэмнэлд нөлөөлж, унтах, сэрэх цагийг тогтворжуулдаг. Ингэснээр өглөө эрт сэрэхэд хялбар болдог.
Өглөөний гэрэлд байх
Өглөөний нарны гэрэлд гарах нь биологийн хэмнэлийг зөв тогтоож, сэрэх цагийг түргэсгэдэг. Боломжтой бол гадаа дасгал хийх, өглөөний цайгаа нарлаг газар уухыг зөвлөж байна. Хэрэв боломжгүй бол гэрлийн эмчилгээ ашиглаж болно.
Дасгал хөдөлгөөн хий
Тогтмол дасгал хийх нь нойрны чанарыг сайжруулж, нойргүйдэлд өртдөг хүмүүст ч тустай. Өөр өөр цагт дасгал хийж туршсанаар өөрт хамгийн сайн тохирох цагийг олох хэрэгтэй.
Унтахын өмнөх гэрлийг багасга
Шөнийн цагаар хурц гэрэлд өртөх нь циркадийн хэмнэлийг алдагдуулдаг. Иймд гэрлээ бүдгэрүүлж, харанхуй хөшиг ашиглаж, унтахынхаа өмнө дижитал төхөөрөмжөөс зайлсхийх нь зүйтэй. Хэрэв хэрэглэх шаардлагатай бол цэнхэр гэрэл шүүдэг нүдний шил хэрэглэх боломжтой.