34.9 сая ам.долларын зээл, 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжинэ
2025 оны аравдугаар сарын 29-нд Сангийн сайд Б.Жавхлан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев нар “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.
Тус төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсын 22.5 сая евро (26.4 сая ам.доллар)-ын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжих юм.
120 ор бүхий орчин үеийн төв эмнэлэг байгуулна
Төслийн хүрээнд 120 ортой зүрх судасны шинэ эмнэлэг барьж, шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах аж.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ЕСБХБ-ын төлөөлөгч Жахан Шамсиев, Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нар төслийг хэрэгжүүлэх гэрээнд мөн гарын үсэг зурсан байна.
Зүрх судасны тусламжийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ
Шинэ төв байгуулагдсанаар Монгол Улсад зүрх судасны өвчний төрөлжсөн тусламж, үйлчилгээний хүртээмж хоёр дахин нэмэгдэх юм. Үүний зэрэгцээ жил бүр өсөж буй зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулах чухал алхам болохыг мэргэжилтнүүд онцолжээ.
ЕСБХБ Монголтой 2.5 тэрбум еврогийн хамтын ажиллагаа өрнүүлжээ
Гарын үсэг зурах үеэр Сангийн сайд Б.Жавхлан:
“Сүүлийн 19 жилийн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банк манай улсад уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг салбарт нийт 2.5 тэрбум еврогийн санхүүжилт олгож, 159 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байна” гэж онцлон талархал илэрхийллээ.
ЕСБХБ-ын төлөөлөгч Жахан Шамсиев мөн цаашид Монгол Улсын хувийн хэвшилд илүү анхаарч, эрүүл мэнд, боловсрол болон дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.





