Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Тасжуреков Ербол Куанышевич тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах зорилгоор уулзалтууд хийж байна.
Эдгээр төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун болон яамны удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ц.Болорчулуун Монгол Улсын Засгийн газраас тус салбарын хөгжилд баримталж буй бодлогын талаар танилцуулсан. Тэрбээр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атрын IV аян” зэрэг хөтөлбөрүүдийг онцолж, эдгээрийн хүрээнд малын гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих зорилго тавин ажиллаж байгааг онцлов.
Харин БНКазУ-ын дэд сайд Ербол Куанышевич Казахстан ч мөн адил төрөөс бодлогын түвшинд хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж байгаа тухай мэдээлэл өглөө. Тэрбээр сүүлийн жилүүдэд тус улсын фермерүүдэд жилийн 5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож, боловсруулах салбарыг хөгжүүлэхэд анхаарч эхэлсэн болохыг хэлсэн. Казахстаны Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын хэмжээнд энэхүү бодлогыг тэргүүлэх чиглэлээр дэмжиж байгааг мөн онцолсон юм.
Айлчлалын гол зорилго нь Монгол Улсад хэрэгжиж буй арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрлэлийн сайн туршлагатай газар дээр нь танилцаж, олон улсын жишигт нийцсэн туршлагыг нутагтаа нэвтрүүлэхэд оршиж байна. Иймд төлөөлөгчид Монголын арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байна.
Казахстанаас ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэр, барилгын яамны төлөөлөл болон арьс шир боловсруулах салбарын бизнес эрхлэгчид, холбоодын төлөөлөгчид багтжээ.