Арваннэгдүгээр сарын 1 биш, 2026 оны нэгдүгээр сараас нэмэгдэхээр тусгагджээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал багш нарын цалинг нэмэх талаар мэдээлэхдээ хугацааг андуурсан болох нь тодорхой боллоо. Тэрбээр өмнө нь “Багш нарын үндсэн цалинг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс ₮2.8 саяд хүргэнэ” хэмээн мэдэгдсэн ч Боловсрол, шинжлэх ухааны яам болон Сангийн яамны төлөөллүүдийн тайлбарласнаар нэмэгдэл 2026 оны нэгдүгээр сараас хэрэгжихээр төлөвлөгдсөн байна.
2026 оны улсын төсөвт цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэр тусгагдсан
МАН-ын бүлгийн хуралдаанаар 2026 оны улсын төсвийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудал хэлэлцэгдэж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Бүлгийн дарга Ж.Батжаргал хэлэхдээ:
“Багш нарын үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэх, эмч нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх тооцооллыг хийж, эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгасан. Ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэврийг мөн 8.6 хувиар өсгөхөөр төлөвлөсөн.”
Түүнчлэн, бүлэг баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, ашиглагдаагүй ордуудад олон улсын аудит хийх, зөв менежментээр ашиглах зэрэг бодлогын чиглэлд нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Зардлыг 1.1 их наяд төгрөгөөр бууруулж, эх үүсвэрийг бүрдүүлнэ
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг тайлбарлахдаа:
“Цалин нэмэхийн тулд урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр бууруулах шаардлага гарсан. Үүнд төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг 10–13 хувиар, УИХ-ын гишүүдийн зочин хүлээн авах, ЗГХЭГ-ын зардал, аялал жуулчлалын салбарын татаасыг багтаасан. Мөн эрүүл мэнд, боловсролоос бусад салбарын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг 50 хувиар бууруулсан.”
Эдгээр арга хэмжээний дүнд 2026 оны төсөвт цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх санхүүгийн боломжийг бүрдүүлсэн гэж тэр онцолсон байна.





