Лабораторийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн ажил үргэлжилж байна
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ч.Энхболд болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн төслийн явцтай танилцлаа.
Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд 2025 оны аравдугаар сараас эхэлсэн барилга угсралт, засвар шинэчлэл, тавилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаандаа бүрэн дууссан байна. Одоогоор батлагдсан хуваарийн дагуу тоног төхөөрөмж суурилуулах болон нүүлгэлтийн ажил үргэлжилж байгаа аж.
Одоо ажиллаж буй эм шинжлэх лаборатори жилд 2000-2500 дээжид шинжилгээ хийдэг бөгөөд шинжилгээний хүлээгдлийн хугацаа 90-100 хоног үргэлжилдэг байна. Харин Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, шинжилгээний хүлээгдэл мэдэгдэхүйц багасах юм. Ингэснээр Монгол Улсад эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг илүү бүрэн хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Төслийн хүрээнд нийт 884 м.кв талбай бүхий лабораторийн барилгыг батлагдсан зураг төслийн дагуу барьж байгуулжээ. Барилга нь оффис, микробиологийн лаборатори, химийн лаборатори гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байна.
Лабораторид дөрвөн төрлийн хий, галын дохиоллын систем, хийгээр гал унтраах систем, агааржуулалт, хөргөлт, нэрмэл усны систем, холбоо дохиолол, камерын хяналт болон зарлан мэдээлэх систем зэрэг орчин үеийн инженерийн шийдлүүдийг бүрэн суурилуулжээ. Барилга угсралтын ажлыг М-Си-Эс Проперти ХХК гүйцэтгэсэн байна.
ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна
Энэхүү лабораторийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа юм. Барилгын зураг төсөл, барилга угсралт, тавилга, багаж тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг бүх ажлыг тус байгууллага хариуцан зохион байгуулж байна.
Тодруулбал, олон улсын стандартад нийцсэн Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай 45 нэр төрлийн 78 төрлийн багаж, тоног төхөөрөмж болон туслах хэрэгслийг нийлүүлж байгаа аж. Мөн лабораторийн ажилтнууд, шинжээчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар:
- Жилд шинжилгээ хийх дээжийн тоо хоёр дахин нэмэгдэнэ
- Шинжилгээний нэр төрөл өснө
- Эмийн чанар, аюулгүй байдлын үнэлгээг илүү хурдан, үр дүнтэй хийх боломж бүрдэнэ
- Шинжилгээний хүлээгдлийн хугацаа богиносно
- Шинжилгээний илрүүлэлтийн хязгаар, хэмжилтийн нарийвчлал сайжирна
- Монгол Улсын эмийн зохицуулалтын байгууллага ДЭМБ-ын олон улсын жишиг тогтоох үнэлгээний GBT ML-3 түвшинд хүрэх суурь тавигдана
- Дотоодын үйлдвэрийн эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг олон улсын зах зээлд экспортлох боломж нэмэгдэнэ
Ийнхүү Үндэсний лавлагаа лаборатори байгуулагдсанаар Монгол Улс эмийн чанарын хяналтын тогтолцоогоо олон улсын жишигт ойртуулж, иргэдийг аюулгүй, чанартай эмээр хангах чухал нөхцөл бүрдүүлэхээр байна.