Улаанбаатарт эзэнгүй нохой, муурын тоо 160 мянга давсан байна
Нийслэлийн Статистикийн газрын мэдээллээр Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур бүртгэлтэй гэсэн судалгаа байдаг.
Харин эзэнгүй нохой, муурын тоо 160 мянгаас давсан байна.
“Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх” аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор нийслэлээс өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулжээ.
Энэ онд уг түр асран хамгаалах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөжүүлэхээр ажиллаж байгааг холбогдох албаныхан мэдээлсэн байна.
Түр асрах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ арга нэвтрүүлэхээр ажиллаж байна
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ц.Очироо “Нохой жилдээ 2-3 удаа үржилд ордог. Гэр хорооллын айл өрхүүд нохойгоо хашаанаас гадна сул тавьж алддаг, нохойныхоо гөлгийг гудамжинд төөрүүлдэг. Эм нохой нэг удаад 6-12 гөлөг гаргадаг бөгөөд үүний 80 хувь нь эм гөлөг байдгаас өсөлт маш ихээр нэмэгддэг. Олон улсын байгууллагын судалгаагаар нохой зургаан жилд 67-70 мянга болж өсдөг байна. Хотын захаар болон ууланд эзэнгүй ноход олноор сүрэглэн зэрлэгшиж, адуу мал, хүн амьтан руу дайрах эрсдэлүүд үүсээд байна. Иймд бид иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй муур, нохойн тоог багасгах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Энэ хүрээнд түр асрах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, спей заслага хийх, мөн буудаж устгахаас өөр шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.
Албаныхны мэдээлснээр эзэнгүй нохой, муурын тоо нэмэгдэх нь иргэдийн аюулгүй байдал, орчны бохирдол, мал амьтанд учрах эрсдэл зэрэг олон асуудал дагуулж байгаа аж. Тиймээс түр асрах байрны үйл ажиллагааг өргөжүүлэхээс гадна үржлийг хязгаарлах, амьтдыг эзэнтэй болгох, буудаж устгахаас өөр арга технологи хэрэглэх чиглэлд бэлтгэл хийж байна.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2023 онд батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийг дагаж мөрдөх тухай зохицуулалтаар эзэнгүй нохой, муурыг буудаж устгахыг 2029 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хориглохоор болсон юм.
Иймээс нийслэлийн зүгээс хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, эзэнгүй нохой, муурын тоог бууруулах ажлыг эрчимжүүлж байгааг албаныхан онцоллоо.