Монгол Ардын Намын XXXI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр болж, хурлыг Ерөнхий сайдын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт даргалан явууллаа.
Энэхүү хуралдаанаар намын Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталж, МАН-ын удирдлагын багт бүтэц, бүрэлдэхүүний түвшинд шинэчлэл хийгдсэнийг албан ёсоор зарлав.
Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн батлагдав
Бага хурлын гол шийдвэрийн нэг нь Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг батлах байсан юм. XXXI Их хурлаас гарсан чиглэл, намын шинэ дүрмийн үзэл баримтлалд нийцүүлэн бүрдүүлсэн удирдлагын шинэ багийг Бага хурлын гишүүд хэлэлцэж, дэмжсэнээр хүчин төгөлдөр боллоо.
Ингэснээр МАН-ын стратегийн шийдвэр гаргах төв байгууллага шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхлэх нөхцөл бүрдсэн байна.
Хяналтын Ерөнхий хорооны шинэ удирдлагыг танилцуулав
Их хурлаас сонгогдсон МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны шинэ удирдлагыг мөн Бага хурлын гишүүдэд танилцууллаа. Намын дотоод хяналт, сахилга, зохион байгуулалтын асуудлыг хариуцдаг энэхүү байгууллагын шинэ удирдлага нь намын шинэчлэл, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.
Мерит зарчмыг хүчтэй баримтлах шинэ чиглэл
Бага хурлаар намын дотоод хөгжил, шинэчлэлтэй холбоотой зарим суурь зарчмуудыг онцлон тодорхойлов. Тухайлбал, МАН-д шатлан дэвших үйл явцад мерит буюу мэдлэг, чадвар, туршлага, бодит ажил үнэлэгдэх зарчмыг ямагт нэн тэргүүнд тавих шаардлагыг дахин баталгаажуулав.
Мөн “намдаа зүтгэсэн нь биш, даргын хүн учраас тооноор орж хоймор суух” үзэгдлийг таслан зогсоох, албан тушаалын томилгоо, дэвшилд хувь хүний үнэлгээ, оноонд тулгуурлах, намын гишүүд болон удирдах бүрэлдэхүүнийг ил тод, онооны системээр дүгнэдэг байх талаар ярилцаж, намын шинэ дүрмийн үзэл баримтлалтай уялдсан чиглэл, шаардлагыг тогтоосон байна.
Эдгээр өөрчлөлт, зарчмууд нь МАН-ын дотоод засаглал, хүний нөөцийн бодлого, хариуцлагын тогтолцоог шинэ шатанд гаргах зорилготой гэж үзэж байна.





