Европын бүсийн урьдчилсан шатны сүүлийн тойргийн тоглолтууд өндөрлөж, 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эцсийн шатанд оролцох дараагийн таван баг тодорлоо. Испани, Бельги, Австри, Швейцарь, Шотланд хэсгээ тэргүүлснээр ДАШТ-ий шууд эрхээ баталгаажуулсан байна.
Шотланд 27 жилийн дараа ДАШТ-д эргэн ирлээ
Шотландын шигшээ баг сүүлийн тойрогт гол өрсөлдөгч болох Данийн багийг 4:2-оор ялж, онооны хүснэгтэд тэргүүлэн түүхэн эрхээ авлаа. Ингэснээр шотландчууд 1998 оноос хойш анх удаа дэлхийн аваргад өрсөлдөх болсныг тэмдэглэж байна.
Энэ ялалт нь Шотландын хөлбөмбөгийн шинэ үеийнхэнд түүхэн амжилт төдийгүй, тус улсын хөлбөмбөгийн хөгжлийг эргэн сэргэж буйг харуулсан үйл явдал болж байна.
Испани, Бельги, Австри, Швейцарь – хэсгээ тэргүүлсэн тогтвортой гүйцэтгэл
Бусад дөрвөн баг хэсгийн сүүлийн тоглолтоосоо тэнцээ, том хожлоор оноогоо баталгаажуулж, ДАШТ-ий шугамыг давлаа.
- Австри – Босни-Херцеговинагийн багтай 1:1-ээр тэнцэж, авсан оноогоороо хэсгээсээ шууд гарч чаджээ.
- Испани – Өөрийн талбайдаа Туркийн шигшээтэй 2:2-оор тэнцсэн ч өмнөх тоглолтуудын онооны давуу талаараа хэсгийн түрүүгээ алдалгүй хадгалсан.
- Бельги – Лихтенштейнтэй хийсэн тоглолтод 7:0-ийн илт давуу ялалт байгуулж, дэлхийн аваргын эрхээ итгэл төгс баталгаажууллаа.
- Швейцарь – Косовогийн талбайд 1:1-ээр тэнцсэн ч хэсгийн тэргүүллээ хадгалж, ДАШТ-ий тасалбараа гартаа хийв.
Ийнхүү Испани, Бельги, Австри, Швейцарь, Шотланд зэрэг уламжлалт болон “сэргэлтийн” хөлбөмбөгийн орнууд хамтдаа 2026 оны гол тайзан дээр гарахаар боллоо.
ДАШТ-2026-д оролцох багууд 39 болж нэмэгдлээ
Эдгээр таван баг нэгдсэнээр 2026 оны дэлхийн аваргад оролцох шигшээн тоо 34-өөс 39 улс болж өсөв. Өмнө нь дараах шигшээ багууд эрхээ аваад байсан:
- Хамтран зохион байгуулагчид: Мексик, АНУ, Канад
- Азийн бүс: Япон, Иран, Өмнөд Солонгос, Иордан, Австрали, Узбекистан, Катар, Саудын Араб
- Номхон далай: Шинэ Зеланд
- Өмнөд Америк: Аргентин, Эквадор, Бразил, Колумб, Уругвай, Парагвай
- Африк: Марокко, Тунис, Египет, Алжир, Гана, Кабо-Верде, ӨАБНУ, Сенегал, Кот-д’Ивуар
- Европ: Англи, Франц, Хорват, Португал, Норвег, Герман, Нидерланд
Тэдгээрийн араас Испани, Бельги, Австри, Швейцарь, Шотланд нэгдсэнээр тэмцээний эцсийн шатанд өрсөлдөх өрсөлдөөн улам бүр ч ширүүсэх нь тодорхой болж байна.






Энэ жил Европын багууд үнэхээр хүчтэй байна
ДАШТ улам сонирхолтой болох нь дээ