-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Н.Учрал УИХ-ыг “цэвэрлэхээ” амалж, даргаар томилогдов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

УИХ шинэ даргаа 82.5 хувийн саналаар баталлаа

2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд болсон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар парламентын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар Нямаагийн Учралыг УИХ-ын даргаар сонголоо.

Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг Н.Учралыг албан ёсоор нэр дэвшүүлж, бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулсан байна. Санал хураалтын дүнгээр гишүүдийн 82.5 хувь нь дэмжсэнээр тэрбээр парламентыг удирдах эрхийг гартаа авлаа.

“Хулгайн сэжигтэн биш, хууль төрөх ёстой”

Сонгогдсоны дараа УИХ-ын дарга Н.Учрал УИХ болон ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ парламентын нэр хүнд, дархан эрхийн тухай асуудлыг онцолж, хүчтэй байр суурь илэрхийлэв. Тэрбээр:

“Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрж байх ёстой. УИХ-ын нэр хүнд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт шалгуулж байгаагаас болж унаагүй. УИХ-ын нэр хүнд УИХ-ын гишүүн шалгуулахгүй байх давуу дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө” хэмээн онцоллоо.

Үгээрээ тэр УИХ-ын гишүүдийн хуулийн өмнөх “онцгой байдал” тасрах ёстой, дархан эрхийг хууль зөрчих халхавч биш, ардчиллын хамгаалалт байх ёстойг сануулж, парламентын нэр хүндийг сэргээхийг өөрийн хамгийн эхний зорилт гэж тодорхойлов.

Шинэ даргын дэвшүүлсэн дөрвөн гол чиглэл

Н.Учрал үүрэгт ажлынхаа хүрээнд баримтлах дөрвөн үндсэн зорилтыг танилцууллаа. Нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдэлж, хууль дээдлэх зарчмыг хатуу сахидаг, шударга ёс, ёс зүй, иргэдийн тэгш эрхийг өөрөөсөө эхлэн үлгэрлэдэг байгууллага болгохыг тэр зорин ажиллахаа илэрхийв.

Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд тулгуурласан хууль тогтоох үйл явцыг бэхжүүлж, цаг үеийн өөрчлөлт, олон улсын чиг хандлага, дотоодын бодит хэрэгцээнд нийцсэн шийдвэр гаргахыг тэр онцолжээ.

Гуравдугаарт, УИХ-ыг олон ургалч үзэл, бодлогын бодит мэтгэлцээний талбар хэвээр байлгаж, гишүүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бодлогын маргаан нь ил тод, ухаалаг, баримтад тулгуурласан байх ёстойг сануулсан байна.

Дөрөвдүгээрт, парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойр, ойлгомжтой болгох, “шилэн парламент” болох зорилтыг тодотгож, шийдвэр, хэлэлцүүлэг, төсвийн зарцуулалт, хяналт-шинжилгээний мэдээллийг иргэдэд илүү хүртээмжтэй болгоно гэдгээ амаллаа.

“Намын дарга” ч гэлээ бүх гишүүнд тэгш хандана гэж амлав

Н.Учрал өөрийн улс төрийн статустай холбоотойгоор үүсч болзошгүй эргэлзээг хариулахын тулд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлэв. Тэрбээр өөрөө төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын дарга болсон ч Үндсэн хуулийг “ягштал сахин баримталж”, УИХ-ын гишүүн бүрийн хууль санаачлах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг аливаа ялгаварлал, дарамт шахалтгүйгээр хангана гэдгийг онцлон хэллээ.

Мөн гишүүдийн байр суурь, улс төрийн харьяаллаас үл хамааран тэдэнд хүндэтгэлтэй, тэгш хандаж, парламентыг зөвхөн намын олонхын “машин” биш, ард түмний төлөөллийн жинхэнэ институт болоход хүчин чармайлт гаргана хэмээн мэдэгдэв.

Түүний хэлснээр, дээрх зорилтууд хэрэгжсэнээр ард түмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн эрхийг бодитоор барьж, парламентын засаглал Монгол Улсад жинхэнэ утгаараа бэхжих ёстой байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here