Ёкозүнагийн зөвлөлийн тэмцээний дараах үнэлгээ
Мэргэжлийн сүмогийн уламжлалын дагуу Ёкозүнагийн зөвлөл тэмцээн өндөрлөсний дараагийн өдөр хуралдаж, ёкозүна, дээд зиндааны бөхчүүдийн барилдаан, авир, ирээдүйн төлөвийг хэлэлцдэг.
Ээлжит хурлын дараа зөвлөлийн тэргүүн Морисато Ошима хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө хоёр ёкозүнагийн энэ башёд үзүүлсэн өрсөлдөөнд сэтгэл өндөр байгаагаа онцоллоо. Түүний хэлснээр, аваргууд сүүлийн өдөр хүртэл түрүүгийн төлөө өрсөлдөж, тэмцээний сонирхлыг огтхон ч сулруулаагүй нь сүмогийн ертөнцөд эерэг дохио болжээ.
М.Ошима “Эцсээ хүртэл түрүүлэхийн төлөө тэмцэлдсэнд сэтгэл өндөр байгаа. Цаашид ч энэ хэвээр үргэлжилнэ гэж найдаж байна. Оносато гэмтлээ бүрэн эдгээж, Хоошёорюүг бэлтгэлээ улам чамбай хийж, энэ хэвээр илүү хүчтэй өрсөлдөөн үзүүлэх болов уу” хэмээн тэмцээний гол дүрүүдийн талаар дүгнэн ярив.
Аонишикийн түүхэн ялалт ба зөвлөлийн үнэлгээ
Зөвлөлийн хэлэлцсэн гол сэдвийн нэг нь энэ башёд түрүүлж, озеки цолд дэвших нь бараг тодорхой болоод буй секивакэ Аонишики байлаа. Тэр сүүлийн өдрүүдэд ёкозүна Хоошёорюү, озеки Котозакүра нарыг дараалан ялж, 12 даваа, 3 унаатайгаар Эзэн хааны цомыг анх удаа хүртсэн.
Морисато Ошима түүнийг онцлон магтаж, дараах үнэлгээг өгсөн байна. “Түүний зориг, зүтгэл нь сайшаалтай. Эх орных нь өнөөгийн байдлыг харгалзаж үзвэл сэтгэлд нь олон юм бодогдож байсан байх. Гэхдээ тэр аваргын цом хүртэж чадсан” гэж тэр хэлжээ.
Украин залуу сүмоч богино хугацаанд зиндаа ахиж, дээд зиндаанд түрүүлсэн нь зөвлөлийн гишүүдийн хувьд сүмо дэлхийн олон улсын шинж, өрсөлдөөний шинэ түвшнийг илтгэсэн чухал үйл явдал болсон талаар ч цухас дурдав.
Хоошёорюү С.Бямбасүрэнд өгсөн сануулга
Харин барилдааны дүн, амжилтын хувьд ёкозүна Хоошёорюүд шүүмжлэл багатай байсан ч дэвжээн дээрх авирын талаар Ёкозүнагийн зөвлөл сануулга өгөхөөс өөр аргагүй гэж үзжээ.
Башёгийн 12 дахь өдөр Хоошёорюү С.Бямбасүрэн Такаясүтэй барилдахдаа ялалтыг өөрийн талд шийдсэний дараа дамэ-оши буюу барилдаан дууссаны дараах шаардлагагүй түлхэлт үзүүлсэн нь үзэгчид, мэргэжилтнүүдийн дунд шүүмжлэл дагуулсан.
Энэ үйлдэл дээр зөвлөл онцгой анхаарал хандуулж, ёкозүна цолтон байх утгаар нь илүү хариуцлагатай байж, зан авираа засахыг анхааруулсан байна. М.Ошима энэ талаар “Сүмогийн ертөнцөд хүч чадлаас гадна нэр төр их чухал. Тэр дундаа ёкозүна цолтой бөх сүмогийн нэр төрийг үргэлж бодолцох ёстой” хэмээн тодотгожээ.
Ийнхүү Ёкозүнагийн зөвлөл нэг талаас хоёр аваргын түрүүгийн төлөөх огцом өрсөлдөөнийг сайшааж, нөгөө талаас Хоошёорюүгийн дэвжээний соёл, ёслолын тал дээр илүү хариуцлагатай, үлгэр жишээ байх шаардлагыг албан ёсоор санууллаа. Цаашид Хоошёорюү бэлтгэл, барилдааныхаа хажуугаар нэр төр, авирын тал дээр ямар өөрчлөлт хийх нь сүмо сонирхогчдын анхаарлын төвд байна.





