-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Этиопийн галт уул “сэрж”, үнсний үүл Энэтхэгийг бүрхэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Этиопийн Хаяли Губби олон мянган жилийн дараа дэлбэрэв

Этиопийн Хаяли Губби нэртэй галт уул Ням гарагаас эхлэн идэвхжиж, хүчтэй дэлбэрэлт үүсгэн үнс, утаагаа тэнгэр өөд цацаж эхэлжээ. Олон мянган жилийн турш унтаа, идэвхгүйд тооцогдож байсан энэ галт уул гэнэт “сэрсэн”-ээрээ мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татаж байна.

Галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнсний үүл Африкийн зүүн хэсгээс хурдацтай нүүж, Улаан тэнгисийн дээгүүр дамжин Оман, Йемен улсуудын агаарыг дайран өнгөрөөд зогсохгүй Энэтхэгийн нийслэл Делид хүртэл хүрсэн байна.

Үнсний үүл Делид хүрч, нислэгүүд тасалдлаа

Галт уулын үнс тив дамжин тархсаны улмаас Энэтхэгийн агаарын тээврийн салбарт ноцтой хүндрэл үүсч, олон улсын болон дотоодын чиглэлийн нэлээд тооны нислэг цуцлагдаж, зарим нь чиглэлээ өөрчилж, зарим нь саатжээ.

Галт уулын үнсний яг химийн найрлага одоогоор бүрэн тогтоогдоогүй байгаа ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар аль хэдийн ноцтой бохирдолтой байгаа Делигийн агаарт энэ үзэгдэл сөрөг нөлөө улам нэмэх төлөвтэй байна. Үнс агаар мандалд өндөр төвшинд хөвөх үед онгоцны хөдөлгүүрт орж гэмтээх, нисэх буух зурвасуудыг бохирдуулж, газарт болон агаарт үзэгдэх орчныг эрс бууруулах аюултай.

8.5–15 км-ийн өндөрт хөвж буй үнс хиймэл дагуул, нислэгт нөлөөлнө

Энэтхэгийн цаг уурын албаны мэдээлснээр, Хаяли Губбигийн дэлбэрэлтээс үүссэн галт уулын үнс далайн түвшнээс дээш 8.5–15 км орчим өндөрт тархаж байгаа аж. Энэ өндрийн бүс нь иргэний агаарын тээврийн ихэнх чиглэл, мөн хиймэл дагуулын зарим үйл ажиллагаанд нөлөөлөхүйц өндөр гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.

Ийм өндөрт тогтсон үнсний давхарга нь нисэх онгоцны маршрутыг өөрчлөх, зарим замналыг бүрэн хаах, мөн холбоо, навигацийн тодорхой системд нөлөөлөх эрсдэлтэй байгааг ч мэргэжилтнүүд сануулж байна.

Үнсний үүл Хятад руу чиглэж, цаашдын тархалт тодорхойгүй байна

Цаг уур, хиймэл дагуулын ажиглалтын мэдээллээр галт уулын үнс агаар мандлын урсгалаар дамжин Энэтхэгээс цааш хойш чиглэн, Хятад руу шилжиж эхэлсэн нь тодорхой болжээ. Гэсэн ч үнсний үүл яг хаана хүртэл тархах, хэр удаан тогтворжихыг өнөөдрийн байдлаар урьдчилан нарийн таамаглах боломжгүй байгааг “Skymet Weather” хэмээх бие даасан цаг агаарын агентлаг мэдээлсэн байна.

Ингэснээр Хаяли Губбигийн гэнэтийн дэлбэрэлт нь зөвхөн Этиоп төдийгүй бүс нутаг, түүнээс цааш Евразийн тодорхой хэсэгт агаарын чанар, нислэгийн аюулгүй байдалд ноцтой сорилт учруулж болзошгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here