Өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн Лондоны марафон спортын ертөнцийн хамгийн их яригдсан үйл явдлын нэг боллоо. Кенийн гүйгч Сабастян Саве марафон гүйлтийн түүхэнд хоёр цагийн босгыг даван гарсан анхны тамирчин болж, зайгаа 1 цаг 59 минут 30 секундэд туулснаар дэлхийн рекордыг шинэчилжээ.
Этиопын тамирчин Иомиф Кежелча анхны марафондоо 1 цаг 59 минут 41 секунд гүйсэн ч түүхэн амжилтын өдөр хоёрдугаар байрт шалгарсан байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр албан ёсны бүртгэл дууссаны дараа олон мянган оролцогч барианд оржээ. Өнгөрсөн жил Нью-Йоркийн марафонд 59,226 хүн замаа дуусгаж рекорд тогтоож байсан бол энэ удаа Лондонд 59,830 гүйгч барианд орж, шинэ үзүүлэлт бүртгэгдсэн байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд мөн дэлхийн рекорд шинэчлэгджээ. Этиопын гүйгч Тигст Ассефа марафоны зайг 2 цаг 15 минут 41 секундэд дуусгаж, эмэгтэйчүүдийн марафоны түүхэн амжилтыг ахиулсан юм.
Дэлхийн рекорд тогтоосон тамирчид Adidas брэндийн шинэ загвар болох Adizero Adios Pro Evo 3 пүүзийг өмссөн нь уг бүтээгдэхүүний эрэлт, үнэ цэнийг огцом өсгөжээ. Лондоны марафоноос хэдхэн хоногийн өмнө хязгаарлагдмал тоогоор худалдаанд гарсан энэ загварын албан ёсны үнэ 500 ам.доллар байсан аж.
Гэвч ховор, эрэлт ихтэй бүтээгдэхүүн борлуулдаг StockX платформ дээр уг пүүзний үнэ хэмжээнээсээ хамааран 1,700-5,000 ам.доллар хүртэл өссөн байна.
Шинэ загварын гүйлтийн пүүзний гол онцлог нь өмнөх хувилбаруудаас өөрчлөгдсөн улны бүтэц юм. Өмнө нь нүүрстөрөгчөөс гаргаж авсан EnergyRods 2.0 систем ашигладаг байсан бол энэ удаа нүүрстөрөгчийн хосолмол Lightstrike Pro Evo зөөлөн ултай болжээ.
Энэхүү технологийн ачаар Adizero Adios Pro Evo 3 нь Adidas брэндийн түүхэн дэх хамгийн хөнгөн гүйлтийн пүүз болсон байна. Тухайлбал, Их Британийн дундаж өндөртэй эрэгтэй хүний өмсдөг 8.5 размер, бидний мэдэхээр 43 размерын пүүз ердөө 97 грамм жинтэй аж.
Харьцуулбал, Nike брэндийн ижил хэмжээтэй Air Force 1 загварын пүүз ойролцоогоор 465 грамм жинтэй байдаг. Ийнхүү Лондоны марафоны рекорд зөвхөн гүйлтийн түүхэнд бус, спортын пүүзний зах зээлд ч хүчтэй нөлөө үзүүллээ.