Шинэ технологиудыг нэвтрүүлж, гадаад руу чиглэсэн урсгалыг бууруулав
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2025 онд мэдрэлийн мэс заслын чиглэлээр дэвшилтэт таван шинэ технологийг амжилттай нэвтрүүлж, бүрэн нутагшуулснаар иргэд гадаадад эмчлүүлэх хэрэгцээ, түүнтэй холбоотой урсгалыг бууруулсан байна.
Нээлттэй мэс заслын үзүүлэлт ба хавдрын тохиолдлууд
Тус эмнэлэг энэ онд тархи, нугасны нийт 1908 нээлттэй мэс засал хийжээ. Үүнээс хортой болон хоргүй хавдрын 346 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн эдгээрийн 104 нь мэс заслын хувьд хүндрэлтэй, тархи нугасны гүний байрлалтай хавдарт тооцогдож, дээрх төрлийн өндөр түвшний тусламж үйлчилгээг үзүүлсэн гэж мэдээлэв. Хийгдсэн мэс заслын 110 нь 16 хүртэлх насны хүүхдэд хийгдсэн байна.
Навигаци, дуран хосолсон гүний хавдрын мэс засал: хүндрэл буурч, хэвтэх хугацаа багасав
Нэвтрүүлсэн технологиудаас онцолбол, тархины гүний байрлалтай хавдрыг навигаци хяналттай, дурангийн аргаар авах мэс заслыг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр мэс заслын үеийн болон мэс заслын дараах хүндрэл 15-20 хувиар буурч, эмнэлэгт хэвтэх хугацаа 3-5 хоногоор багассан гэж үзүүлжээ.
Харвалтаас сэргийлэх CEA мэс заслыг анх удаа нутагшуулжээ
Тархины харвалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүрээний артерийн өөхөн товрууг авч, цусны урсгалыг сэргээх CEA мэс заслыг эх орондоо анх удаа нутагшуулсан байна. Энэ аргаар 28 тохиолдолд эмчилгээ хийж, харвалтын эрсдэлийг бууруулах бодит үр дүн гарч байгааг дурджээ.
Хүзүүний нурууны бага хөнөөлт дурангийн мэс засал ба High-Flow Bypass
Эмнэлэг хүзүүний нурууны бага хөнөөлт дурангийн мэс заслын аргыг ашиглан нийт 15 тохиолдолд эмчилгээ хийж, өвчтөний хөдөлмөрийн чадвар сэргэх хугацааг богиносгосон нь давуу тал болж байна.
Мөн тархины High-Flow Bypass буюу өндөр урсгалт судасны залгалт мэс заслыг эх орондоо дөрвөн тохиолдолд хийжээ. Энэ нь тархины том диаметр бүхий артерын судасны хүнд зэргийн нарийсал, бөглөрөл, хавдар, цүлхэн зэрэг шалтгаанаар тархины цусны урсгал алдагдах эрсдлээс сэргийлэх, тархийг шинэ судасжуулалтаар хангах өндөр түвшний мэс засалд тооцогддог байна.
1.7 тэрбумын хөрөнгө оруулалт, 1.9 тэрбумын эдийн засгийн урсгал бууруулав
Тус эмнэлэг өөрийн төсвийн санхүүжилт болон “Хүрээ” ротари клубийн хандиваар тархины гүний хавдар, тархины усжилтын мэдрэлийн мэс заслын дурангийн чиглэлд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний үр дүнд иргэд дээрх төрлийн тусламж үйлчилгээг эх орондоо харьцангуй хямд өртгөөр, чанартай авах боломж бүрдэж, гадагшаа гарах эдийн засгийн урсгалыг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулсан гэж мэдээлжээ.





