Орон нутгийн эмнэлэгт өндөр түвшний үений мэс засал хийх боломж бүрдэв
Орхон аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасаг орон нутагт анх удаа өвдөгний үений дурангийн мэс заслыг амжилттай хийж, тухайн технологийг нутагшуулан тогтмол хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр өвдөгний үений нарийн гэмтэлтэй иргэдийг заавал төв эмнэлэг рүү явуулахгүйгээр аймагтаа мэс засал хийлгэх нөхцөл бүрдэж байна.
2025 онд 25 хүн дурангийн мэс засалд оржээ
2025 онд Орхон аймагт нийт 25 үйлчлүүлэгчид өвдөгний урд чагтан холбоос болон жийргэвч мөгөөрсний урагдлыг сэргээх, тайрах дурангийн мэс заслыг хийсэн байна. Эдгээр хагалгааны дараах хяналтын үзлэгээр өвчтөнүүдийн эмнэлгээс гарах үеийн өвдөлтийн түвшин, үений орчмын шинж тэмдэг, хөдөлгөөний далайц, үйл ажиллагааны сэргэлт мэдэгдэхүйц сайжирсан дүн гарчээ.
Өвдөгний дурангийн мэс заслын онцлог
Өвдөгний үений дурангийн мэс засал нь бага зүслэгтэй, үений хөндий рүү тусгай камер болон нарийн багаж оруулж гэмтлийг оношлон, шууд эмчлэх өндөр нарийвчлалтай арга юм. Энэ нь эдгэрэлтийг түргэсгэж, хэвийн хөдөлгөөнд эргэн орох хугацааг богиносгох давуу талтайд тооцогддог.





