Киришима Б.Лхагвасүрэн нэгдүгээр сарын башёг ганцаар хөтөлж байна
Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн ид өрнөж буй энэ үед дээд зиндаанд секивакэ Киришима Б.Лхагвасүрэн качигошигоо хамгийн түрүүнд хангаж, тэргүүлж эхэллээ.
Ес дэх өдрийн барилдаануудын дараах байдлаар Киришима найман даваа, нэг унаатайгаар ганцаараа тэргүүн байранд бичигдэв. Өчигдөр тэр өнгөрсөн тэмцээний түрүү бөх, украины озеки Аонишикиг дийлсэн бол өнөөдөр Үрагийг ялж, ганцаар түрүүлж эхэлсэн юм.
Киришимагийн хувьд Аонишикиг ийнхүү анх удаа ялсан нь онцлог. Өмнө нь тэд найман удаа таарахдаа бүх тулаанд озеки Аонишики давамгайлж байсан түүхтэй.
Дээд зиндаанд эзэн хааны цомыг хоёр удаа хүртэж байсан Киришима өнгөрсөн башёд 11 даваа авснаар секивакэ зиндаа руугаа буцан дэвшиж, одоогийн энэ тэмцээнд ийнхүү хүчтэй өрсөлдөгч, тэргүүлэгч байдлаа баталж байна.
Өрсөлдөгчдийн байдал: 7, 6 даваатай бөхчүүдийн бүлэг
Киришиматай ижил долоон даваатай явж байсан маэашира Аби өнөөдөр Котошоход унаж, тэргүүлэгчийн арын бүлэг рүү шилжив.
Долоо дахь даваагаа авч, тэргүүлэгчдийн шууд ард шахаж буй бөхчүүд:
- озеки Аонишики
- маэаширагийн 4-т эрэмбэлэгдсэн Атамифүжи
- маэаширагийн 7-д бичигдэж буй Фүжинокава
- 14-т жагсаж буй Шиши
- 16-д эрэмбэтэй Ошоүма
Эдгээр бөхчүүд бүгд долоо даваатай болж, Киришимагийн араас нягт хөөж явна.
Харин ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн болон Оносато нар хоёр өдөр дараалан дарагдсанаар зургаан даваатай хэсэгт шилжин, тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж эхэллээ.
Ингэснээр ес дэх өдрийн дараах байдлаар дээд зиндаанд өрсөлдөөн улам ширүүсч, Киришима тэргүүллээ хадгалж чадах эсэх нь сүмо сонирхогчдын анхаарлын төвд байна.
Эзэн хааны гэр бүл сүмогийн тэмцээнийг үзэв
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако, гүнж Аикогийн хамт өчигдөр, Ням гарагт тэмцээний барилдааныг үзэж сонирхлоо.
Эзэн хааны гэр бүл сүмо үзэхээр дохёд сүүлд ирсэн нь 2020 оны нэгдүгээр сарын тэмцээн байсан бөгөөд ийнхүү зургаан жилийн дараа дахин үзэгчдийн суудалд заларсан нь энэ удаагийн башёгийн нэр хүнд, сонирхлыг улам нэмэгдүүлж байна.





