Сүүлийн жилүүдэд гелэн хумсны будаг нь гоо сайхны ертөнцөд шинэ эрин эхлүүлж, олон хүний өдөр тутмын хэрэглээ болон амьдралын хэв маягт баттай байр суурь эзэлжээ. Энэхүү будаг нь уламжлалт хумсны будгаас илүү гялалзсан, бат бөх бөгөөд удаан тогтоцтой тул охид бүсгүйчүүдийн дунд өргөн хэрэглэгддэг болсон юм.
Гелэн будгийг хатууруулахад ультрафиолет (UV) гэрэл ашигладаг бөгөөд богино хугацаанд хатааж, будгийн тогтоцыг нэмэгдүүлдэг. Гэвч энэ төрлийн технологи болон түүний найрлагад ордог зарим химийн бодис, мөн UV гэрлийн удаан хэрэглээ нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаар олон судалгаагаар анхааруулсаар байна.
Жишээлбэл, АНУ-ын Байгаль орчны эрүүл мэндийн судалгааны хүрээлэн (NIEHS)-ээс хийсэн судалгаагаар гелэн будагт агуулагддаг фталат, формальдегид, толуол, акрилат зэрэг бодисууд нь хүний дотоод шүүрлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, дааврын тэнцвэр алдагдуулах, үргүйдэл, таргалалт болон бодисын солилцооны өөрчлөлт үүсгэх аюултай болохыг тогтоосон.
Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл
1. Эсийн гэмтэл ба ДНХ-ийн өөрчлөлт
Калифорнийн их сургуулийн 2023 оны судалгаагаар ердөө 20 минутын турш гурван удаа UV гэрэлд өртөхөд эсийн 65–70 хувь нь гэмтэж, мутацид орсон нь тогтоогдсон бөгөөд энэ нь арьсны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлжээ.
2. Арьсны харшил, мэдрэгшил ба хөгшрөлт
Гелэн будгийн найрлагад ордог химийн бодисууд нь арьсны улайлт, загатнаа, хуурайшилт, хумсны орчимд хальс үүсгэх, мөөгөнцөр үүсэх шалтгаан болдог. UVA туяа нь арьсны уян хатан чанарыг бууруулж, үрчлээ болон нөсөө толбо үүсгэхэд нөлөөлдөг.
3. Дотоод шүүрлийн тогтолцооны алдагдал
Фталат, формальдегид зэрэг бодисууд дааврын зохицуулалтыг алдагдуулж, таргалалт, үргүйдэл болон бодисын солилцооны доголдол үүсгэж болзошгүй.
4. Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг
Гелэн будгийг арилгахдаа хэрэглэдэг ацетон болон уусгагч бодисууд нь амьсгалын замаар биед нэвтрэн толгой өвдөх, дотор муухайрах, уушги цочрох зэрэг зовуурь үүсгэх магадлалтай.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж
Гоо сайхны хэрэглээг бүрэн зогсоох шаардлагагүй ч дараах зөвлөмжийг мөрдвөл эрүүл мэндэд учрах эрсдэлийг бууруулах боломжтой:
- Хумсаа гелэн будгаар будуулах давтамжийг багасгах
- UV гэрэлд өртөхөөс өмнө SPF 30+ хамгаалах тос түрхэх
- UV хамгаалалттай бээлий өмсөх
- “3-free”, “5-free” тэмдэглэгээтэй хорт бодис багатай бүтээгдэхүүн сонгох
- UV бус LED гэрэл ашигладаг салоныг сонгох
- Будгийг арилгахдаа ацетон арьсанд хүргэхээс зайлсхийх
- Хумсаа тодорхой хугацаанд амрааж, арчлах
Ухаалаг хэрэглээ нь таны гоо сайхныг хадгалаад зогсохгүй, эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болно.