-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Орхонд 20 га ухаалаг өвлийн хүлэмж барьж, залуусыг 100% тэтгэлгээр бэлтгэнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

БНСУ-ын “Агротек”-тай стратегийн түншлэл эхлэв

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр БНСУ-ын “Агротек” ХХК-ийн захирал Ли Сон Чун, компанийн бие төлөөлөгч Н.Алтанцэцэг нарыг хүлээн авч уулзаж, өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологийг Орхон аймагт нутагшуулах боломжийн талаар ярилцлаа.

Уулзалтаар газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт хүлэмжийн шийдлийг ашиглан экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн хүний нөөцийг цогцоор нь бэлтгэх чиглэлд хамтран ажиллах зарчмыг талууд товч тодорхойлсон байна.

20 га талбайд экспортын ухаалаг хүлэмжийн цогцолбор байгуулна

Орхон аймгийн нутаг дэвсгэрт нийт 20 га газарт экспортын чиг баримжаатай ухаалаг хүлэмжийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү цогцолбор нь дөрвөн улирлын турш тасралтгүй тариалалт хийх боломжтой технологитой байх бөгөөд ухаалаг хүлэмж, үржүүлгийн хүлэмж болон задгай талбайн тариалалт хосолсон бүтэцтэй байхаар тооцжээ.

Төсөл хэрэгжсэнээр улирлын хамаарлыг багасгасан, тогтвортой нийлүүлэлттэй, экспортын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь бүрдэхээр байна.

Инженер, мэргэжилтнийг орон нутагт бэлтгэх загвар

Хүлэмжийн угсралт, ашиглалт, үйл ажиллагааг хариуцах ажилтан, инженер, техникийн ажилтнуудыг Орхон аймагт шат дараатайгаар дотооддоо бэлтгэхээр төлөвлөжээ. Ингэснээр гаднаас өндөр төлбөртэй мэргэжилтэн удаан хугацаагаар ажиллуулахын оронд орон нутгийн залуусыг бэлдэж, урт хугацааны тогтвортой баг бүрдүүлэх зорилготой байна.

Орхон аймагт одоогоор 300 орчим өрх, 13 аж ахуйн нэгж газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд шинэ төслийн хүрээнд эдгээр иргэн, аж ахуйн нэгжид чиглэсэн сургалт, зөвлөгөө, технологийн дэмжлэг олгохоор төлөвлөсөн байна.

Экспорт, сургалт, гэрээт ажилтны тогтолцоог хамтатгасан хамтын ажиллагаа

Хамтын ажиллагааны хүрээнд тариалсан бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээл рүү экспортлох сүлжээ, суваг бүрдүүлэх, БНСУ-д туршлага судлуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн улирлын чанартай газар тариалангийн чиглэлээр гэрээт ажилтан бэлтгэх тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэхээр зорьж байна.

Ингэснээр нэг талаас фермер, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх, нөгөө талаас Орхон аймгийн иргэд гадаад, дотоодод ажиллаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломжтой хосолмол загвар бий болох юм.

Орхон аймгийн залууст 100 хувийн тэтгэлэгтэй боломж нээгдлээ

“Агротек” ХХК Монгол Улсаас нийт 20 оюутныг БНСУ-ын Ансон хотын “Dawoon” ШУТИС-д хөдөө аж ахуйн чиглэлээр 100 хувийн тэтгэлгээр суралцуулах төлөвлөгөөг танилцуулжээ. Эдгээрээс тав нь Орхон аймгийн залуус байх бөгөөд ирээдүйн ухаалаг хүлэмж, газар тариалангийн төслүүдийг удирдах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилготой байна.

Ийнхүү өвлийн хүлэмжийн дэвшилтэт технологи, экспортын чиглэсэн үйлдвэрлэл, гадаад тэтгэлэг, хүний нөөцийн бэлтгэлийг нэг багц болгон уялдуулсан загвар Орхон аймагт нутагших бэлтгэл шатандаа орж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу