Токио хотын ойролцоох Ичикава хотын амьтны хүрээлэнд амьдардаг макака төрлийн “Панч” нэртэй бяцхан моншийн бичлэг, зургууд олон улсын хэмжээнд түгж, олон сая хүний анхаарлыг татсаар байна. Эхдээ гологдсоны дараа тусгаар орчинд өссөн, улмаар бусад сармагчнуудад дээрэлхүүлж буй дүрслэлүүд болон улбар шар орангутангийн дүрстэй чихмэл тоглоомтой “нөхөрлөж” буй агшин нь цахим орчинд өрөвдөх, дэмжих, маргах зэрэг янз бүрийн хариу үйлдлийг төрүүлжээ.
PETA: “Хөөрхөн” гэж өхөөрдөх нь зовлонг нь бүдгэрүүлж байна
Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор амьтны эрхийг хамгаалах байгууллага PETA өчигдөр мэдэгдэл гаргаж, амьтны хүрээлэнд байлгаж байгаа хэлбэрийг эрс шүүмжилсэн байна. Амьтадтай ёс зүйтэй харьцахыг сурталчилдаг PETA байгууллагын Азийн бүсийн захирал Жэйсон Бейкэр амьтны хүрээлэнгийн орчныг “дархан цаазат газар” гэж ойлгох нь ташаа гэдгийг онцолжээ.
“Амьтны хүрээлэн бол дархан цаазат газар биш. Энэ бол амьтдыг хорьж, бие даасан байдлыг нь алдагдуулж, зэрлэг байгальд амьдрах чадваргүй болгодог газар. Зарим хүмүүсийн хөөрхөн гэж өхөөрдөж буй зүйл бол үнэндээ тусгаарлагдаж, ганцаардсан бяцхан сармагчны үзэж буй зовлонгийн нэг хэсэг юм” гэж амьтадтай ёс зүйтэй харьцахыг сурталчилдаг PETA байгууллагын Азийн бүсийн захирал Жэйсон Бейкэр мэдэгджээ.
Тэрбээр “Ийм байгууламжууд амьтдыг сонирхол татахуйц үзмэр гэж үзэхээ болих хүртэл Панч шиг амьтад торны цаана зовсоор байх болно” гэж хэлээд Панчийг “зэрлэг байгальд амьдрах боломж олгох нэр хүндтэй дархан цаазат газарт” нүүлгэхийг уриалсан байна.
Эхдээ гологдсоноос хойш сүрэгт дасан зохицуулах ажил эхэлжээ
Долдугаар сард төрсөн Панч эхдээ гологдсоны дараа тусгай орчинд өсөж байсан бөгөөд өнгөрсөн сараас эхлэн хүрээлэнгийн бусад макака сармагчнуудтай хамт амьдрахад бэлтгэх ажил эхэлсэн гэж мэдээлжээ. Түүний “сүрэгт орох” оролдлого цахим орчинд хурдтай тархаж, #HangInTherePunch гэсэн хаштаг дор дэмжигчдийг бий болгосон байна.
Ийнхүү анхаарал төвлөрөхийн хэрээр амьтны хүрээлэнг зорих хүмүүсийн тоо эрс өссөн тухай мэдээлэл давхар гарчээ. Өнгөрсөн долоо хоногийн урт амралтын өдрүүдэд Панчийг харах хүмүүс нэг цаг хүртэл дугаарлан хүлээсэн бөгөөд зөвхөн Даваа гарагт 5,000 гаруй хүн үзсэн гэж Ичикавагийн амьтны хүрээлэн сошиал хуудсаараа мэдээлсэн байна.
IKEA: орангутангийн чихмэл тоглоом “нөөцгүй” болжээ
Панчийн “хань” болж харагдсан улбар шар орангутангийн дүрстэй чихмэл тоглоомын эрэлт мөн огцом өссөн байна. Тоглоомыг үйлдвэрлэдэг Шведийн тавилгын компани IKEA зарим зах зээл дээр тухайн бүтээгдэхүүн хурдан дууссаныг мэдээлжээ.
“Уг тоглоом Япон, АНУ зэрэг зарим зах зээлд борлогдон дуусаж, нөөцгүй болсон” гэж тус компанийн дэлгүүрүүдийг удирддаг Ingka Group мэдэгджээ.
Амьтны хүрээлэн: “Сэтгэл зүйн дарамт”-ыг бууруулах арга авсан гэв
Олон нийтийн анхаарал өсөхийн зэрэгцээ хүрээлэн сармагчнуудын сэтгэл зүйн дарамтыг багасгахын тулд торны орчим “хориотой бүс” тогтоосон гэж мэдээлэв. Ням гарагт амьтны хүрээлэнгийн захиргаа Панчийн нөхцөл байдлын талаар шинэ мэдээлэл өгөхдөө түүнийг “хоёр сармагчнаар халамжлуулдаг болж, сүрэгт аажмаар дасан зохицож эхэлсэн” гэжээ.






Амьтны эрхийг хамгаалах нь чухал