Монгол Улсын улсын болон хувийн бүх музей гуравдугаар сарын эхний долоо хоногт үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Харин Чингис хаан үндэсний музей маргааш буюу гуравдугаар сарын 3-ны мягмар гарагт хуваарийн дагуу амарч, гуравдугаар сарын 4–7-ны өдрүүдэд үзэгчдийг хүлээн авах аж. Тус музей өвлийн улиралд мягмар гарагт амардаг тул энэ зохицуулалтыг мөрдөж буйг мэдээлжээ.
Чингис хаан үндэсний музей байнгын үзүүллэгийн танхимууддаа нэг дор 450–500 үзэгч хүлээн авах хүчин чадалтай. Өчигдөр, өнөөдөр нийт 2379 иргэн тус музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлсэн байна.
Музей нээлттэй өдрүүдэд үзэгчдийн ачааллаас хамааран сүүлийн үзэгчийг 15:00 цагт хүлээн авч, 17:00 цагт хааж байгаа талаар дурджээ.
Мөн тус музей “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Халхын хунтайжийн хадны бичээс” модон барын хөтөлбөр, “Монголчуудын наран саран шүтээн” ил захидлын хөтөлбөр, “Монгол хаан” сэрэг дүрийг түүхэн эх сурвалжид тулгуурлан гурван хэмжээст дүрслэлд хөрвүүлж, уран баримлын аргаар илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд сурталчлан таниулж байна.





