БНСУ-ын Пусан хотод болж буй “Монгол кино өдөрлөг” энэ өдөр найруулагч Э.Ган-Очирын бүтээл “Их говийн манаач” баримтат киногоор албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Уг бүтээлийн продюсероор “Eguur News” агентлаг ажиллажээ.
“Монгол кино өдөрлөг” гурав дахь жилдээ үзэгчдэд хүрч байна
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл энэхүү арга хэмжээг БНСУ-ын “Ханнэрэ” соёлын сан болон Монгол Улсаас тус улсад суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөг дөрөвдүгээр сарын 16-18-ны хооронд үргэлжлэх юм.
“Их говийн манаач” олон улсын үзэгчдэд анх удаа хүрнэ
“Их говийн манаач” баримтат кинонд Монголын говийн дархан цаазат бүс нутгийн экосистем, дэлхий дээр нэн ховордсон мазаалай баавгай, мөн түүнийг эрэн судлах, өсгөн үржүүлэх, хамгаалах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулж буй эрдэмтэн, судлаачдын тухай өгүүлдэг. Тус бүтээл Монгол дахь нээлтээ хийсний дараа ийнхүү олон улсын үзэгчдэд анх удаа толилуулагдах гэж байна.
Мөн энэ удаагийн өдөрлөгийн хүрээнд найруулагч С.Баттулгын “Эцэг”, найруулагч Л.Таванбаярын “Хадам ээж”, найруулагч Э.Нямжаргалын “Зүрхний Сараан” уран сайхны кинонуудыг үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Эдгээр бүтээлийг нийт есөн удаагийн гаралттай хуваарийн дагуу олон нийтэд үзүүлэх юм.