Мазаалай баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүж, нарийвчилсан судалгаа эхлүүллээ

Баруун Тооройд 150 кг жинтэй мазаалайд төхөөрөмж суурилуулж, дээж авсан байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын ховор амьтан, ургамал хамгаалах “Мазаалай” нийгэмлэг ТББ, “Хүрээлэн” төслийн гэрэл зурагчин У.Ганбаяр, мөн Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран Баруун Тооройн баянбүрдэд хээрийн судалгааны ажил зохион байгуулжээ.

Энэ ажлын үеэр 150 кг жинтэй мазаалай баавгайг барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвч амжилттай зүүсэн байна. Мөн цаашдын судалгаанд ашиглах зорилгоор эд, үсний дээж авч бүрдүүлжээ.

Шинэ төхөөрөмж нь байршил дамжуулахаас гадна дүрс бичлэг хийх боломжтой

Энэ удаа ашигласан хүзүүвч нь зөвхөн байршлын мэдээлэл илгээхээс гадна дүрс бичлэг хийх хүчин чадалтай гэдгээрээ онцлогтой аж. Ингэснээр мазаалайн шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг илүү нарийвчлалтай судлах боломж бүрдэж байна.

Төслийн хүрээнд цуглуулсан мэдээлэл нь ховордсон энэ амьтны хамгаалал, судалгааны ажлыг дараагийн шатанд гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу