-0.9 C
Ulaanbaatar
Бямба, 3 сар 7, 2026

Тамхи яагаад харааг хүчтэй муутгаж, нүдний эсийг гэмтээдэгийг эрдэмтэд тайлбарлав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тамхийг уушгины хавдар, зүрх судасны өвчин, дутуу нас баралттай холбож ярих нь элбэг. Харин арай бага яригддаг нэг том эрсдэл нь хараа аажмаар муудах асуудал юм. Судалгаануудаар тамхи татдаг хүмүүс 50 наснаас хойш эргэлт буцалтгүйгээр хараа доройтуулах гол шалтгаан болдог насжилттай холбоотой шар толбоны доройтолтой 4 дахин илүү тулгардаг нь олон жил мэдэгдэж ирсэн. Гэхдээ тамхины утаа нүдний дотор яг ямар өөрчлөлт үүсгэдэг нь бүрэн тодорхой бус байжээ.

Johns Hopkins Medicine-ийн баг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хийсэн шинэ судалгаагаар энэ процессыг эсийн түвшинд илүү нарийвчлан харуулсан байна. Гол дүгнэлт нь: тамхины утаа зөвхөн эдийг “түлж гэмтээдэг” биш, харин нүдний эсүүдийн ген хэрхэн ажиллах “хөтөлбөр”-ийг өөрчилж, эсийг насжилттай эсвэл өвчинд өртсөн мэт байдал руу түлхдэг аж.

Судлаачид торлогийн пигментэн эсүүд буюу RPE эсүүдэд онцгой анхаарсан байна. Эдгээр эс нь гэрлийг хүлээн авч харааг бүрдүүлдэг фоторецепторуудын ажлыг “тэжээж”, хамгаалж, дэмждэг тул RPE эсийн үйл ажиллагаа алдагдвал хараа аажмаар доройтдог.

Өмнө нь тамхины гол хор нөлөөг чөлөөт радикал гэх “довтлогч” молекулуудтай холбон тайлбарладаг байсан. Харин шинэ үр дүнгээр зураг илүү төвөгтэй болж байна. Тамхины утаа эпигенетикийн өөрчлөлт үүсгэдэг нь ажиглагджээ. Энэ нь ДНХ-ийн бүтцийг өөрчлөхгүй мөртлөө генүүд “асаах, унтраах” байдлаар хэрхэн идэвхждэгийг өөрчилдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл эсүүд өөр төрлийн “заавар”-аар ажиллаж эхэлдэг.

Энэ механизмыг тодруулахын тулд эрдэмтэд генийн идэвхийг нарийвчлан хэмжих аргууд ашиглаж, залуу болон хөгшин лабораторийн хулганын нүдний эсийг богино ба урт хугацаанд тамхины утаанд өртүүлсний дараах өөрчлөлтийг харьцуулан судалжээ. Үр дүнд нь торлогод гэмтсэн эсүүдийн бүлэг үүсэж, нүдний хэвийн үйл ажиллагаанд хэрэгтэй генүүдийн идэвх буурсан гэж мэдээлсэн байна.

Мөн утаа нь хроматин хэмээх бүтэц дээр нөлөөлсөн гэж дурджээ. Хроматин нь ДНХ болон уургуудын нийлмэл бүтэц бөгөөд аль ген хэзээ идэвхжих боломжтойг “нээж/хааж” өгдөг чухал зохицуулагч юм. Хэрэв генетикийн мэдээлэлд хандах боломж саатвал эсүүд стрессэд муу хариу өгч, илүү хурдан үхдэг. Үүнээс гадна эсийг хөгшрөлтөөс хамгаалах, ДНХ-ийн гэмтлийг засах, мөн эсийн энерги үүсгэдэг митохондрийн асуудлаас сэргийлэхэд оролцдог генүүдийн идэвх ч буурсан гэж тайлбарлажээ.

Сонирхолтой нь залуу эсүүд хэсэг хугацаанд илүү тэсвэртэй байж, нөхөн сэргээх, гэмтсэн хэсгийг “цэвэрлэх”, үрэвслийн эсрэг ажиллахтай холбоотой нэмэлт генүүдийг идэвхжүүлж чадсан байна. Энэ нь түр хугацаанд амьд үлдэх боломж өгчээ. Харин ахимаг эсүүдэд ийм хамгаалах хариу урвал бараг ажиглагдаагүй тул илүү олон эс үхсэн гэж мэдээлсэн байна.

Хүмүүст мөн адил процесс өрнөдөг эсэхийг шалгахын тулд судлаачид донороос авсан торлогийн эсүүдийг шинжилжээ. Ингээд тамхины утаанд өртсөний дараа хүн болон амьтны эсүүдэд адилхан чиглэлээр идэвх нь өөрчлөгдсөн бараг 1700 ген байгааг илрүүлсэн гэж дурдсан байна. Үүнийг тамхи нь шар толбоны доройтол, хараа алдагдал руу хөтлөх механизмуудыг шууд өдөөдөг гэдгийг батлах хүчтэй нотолгоо гэж үзжээ.

Судлаачдын онцолсноор тамхины утаа нь биед хор бодис оруулаад зогсохгүй, нүдний эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй нарийн генетик зохицуулалтыг эвддэг. Энэ өөрчлөлтийн зарим нь буцаах боломжтой байж болох ч зарим нь удаан хугацаанд хадгалагдаж, аажмаар “хуримтлагдан” доройтол үүсгэдэг гэж тайлбарласан байна.

Цаашдын судалгаагаар ямар гэмтлийг зогсоож, алийг нь сэргээж болох, мөн торлогийн насжилттай доройтлын хожуу үе шатанд илүү үр дүнтэй эмчилгээ боловсруулах боломжийг тодруулах шаардлагатай гэж дурджээ. Гэхдээ нэг дүгнэлт одооноос тод харагдаж байна: тамхинаас гарах нь зөвхөн уушги, зүрхээ хамгаалах биш, хүний хамгийн үнэт чадваруудын нэг болох харааг хамгаалах алхам юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу