Улаанбаатарт дэлхийн брэндийн тансаг зочид буудал байгуулагдана
Дэлхийн зочид буудлын салбарын томоохон брэнд Hilton Монгол Улсад албан ёсоор салбараа байгуулахаар болжээ. Хамтран ажиллагч талууд өнгөрсөн баасан гарагт “Conrad Ulaanbaatar” төслийн гэрээнд гарын үсэг зурсан тухайгаа албан ёсоор зарласан байна.
Шинээр байгуулагдах зочид буудал нь Eco International Group-ийн эзэмшилд байх бөгөөд Hilton компанийн удирдлага дор үйл ажиллагаа явуулах юм. Тус буудал нийт 227 өрөөтэй байх бөгөөд нийслэлийн худалдаа, зугаа цэнгэл, зочлох үйлчилгээ болон дээд зэрэглэлийн амьдралын хэв маягийг нэг дор төвлөрүүлсэн олон зориулалттай цогцолбор байгууламжийн нэг хэсэг болж байгуулагдана.
Энэхүү төсөл нь Ulaanbaatar Eco Tower цогцолборын бүрэлдэхүүнд багтах бөгөөд хотын төвийн шинэ онцлох байгууламж болохоор төлөвлөгджээ.
Хотын төвд 55 давхар барилга сүндэрлэнэ
Шинэ зочид буудлын барилга Төв шуудангийн урд талд байрлах Eco Tower-ийн зүүн урд хэсэгт баригдаж байгаа аж. Төслийн төлөвлөгөөнд уг барилга 55 давхар байхаар тусгагдсан бөгөөд 2028 онд ашиглалтад оруулах зорилготой байна.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын орчин үеийн архитектур болон аялал жуулчлалын дэд бүтцэд чухал нэмэр болно гэж үзэж байна.
“Conrad Ulaanbaatar” Монголын аялал жуулчлалд шинэ боломж нээнэ
Eco International Group-ийн Ерөнхийлөгч С.Нямдаваа төслийн талаар хэлэхдээ:
“Энэхүү гэрээ байгуулагдсан нь Эко интернейшнл групп болон Хилтон группын хувьд түүхэн үйл явдал болж байна. Монгол Улс бол түүх, байгалийн онцлог, соёл, өв уламжлалаараа гадны жуулчдын анхаарлыг үргэлж татсаар ирсэн. Хилтон группын туршлага болон бидний хамтын ажиллагааны хүрээнд “Конрад Улаанбаатар” нь дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдод дахин давтагдашгүй аяллын түүхийг бүтээж, улс орныхоо нэрийг олон улсад таниулахад чухал нэмэр оруулох болно”.
Зочдод зориулсан тансаг үйлчилгээ
Төслийн төлөвлөлтийн дагуу зочид буудал нь бизнесийн болон аяллын зорилгоор ирсэн зочдод зориулсан орчин үеийн, дээд зэрэглэлийн үйлчилгээ санал болгоно.
Тухайлбал дараах байгууламжуудыг багтаахаар төлөвлөжээ.
- 4 өөр төрлийн ресторан болон үйлчилгээний талбай
- Ойролцоогоор 1800 м² талбай бүхий уулзалтын танхим
- Усан бассейн
- Спа болон эрүүл мэнд, амралтын төв
Эдгээр шийдлүүд нь бизнесийн уулзалт, олон улсын арга хэмжээ болон аялал жуулчлалын зочдод зориулсан тансаг, ухаалаг үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготой юм.





