Мөхөхөд тулсан монгол бөхөн гайхамшигтай сэргэж, 28.8 мянгад хүрчээ

Нэгэн цагт тоо толгой нь ердөө мянга гаруй болж, устах аюулын ирмэгт хүрээд байсан монгол бөхөн өнөөдөр эргэн сэргэж, түүхэн тархац нутагтаа буцан нутагшиж эхэлжээ. 2025 оны судалгаагаар Монгол бөхөнгийн тоо толгой 28,800 гаруйд хүрсэн нь олон жилийн хамгааллын ажлын томоохон үр дүн болж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан, Лондоны амьтан судлалын нийгэмлэг болон олон улсын 100 гаруй эрдэмтний хамтран боловсруулсан “Амьд ертөнцийн тайлан-2026”-д дэлхий даяар мөхлийн өндөр эрсдэлд байсан зарим амьтны популяци дахин сэргэж буй эерэг жишээнүүдийг онцолжээ.

Тэдгээрийн дундаас зөвхөн Монголд байдаг унаган амьтан болох монгол бөхөнгийн сэргэлт онцгой анхаарал татсан байна.

1980-аад он гэхэд байгаль, хүний үйл ажиллагаатай холбоотой олон сөрөг хүчин зүйлийн улмаас монгол бөхөнгийн тархац нутаг эрс хумигдаж, тоо толгой нь огцом буурсан байв. 1981 онд Шаргын говьд ердөө 1000 гаруй бөхөн үлдсэн гэсэн тоо бий.

Энэ ховор амьтныг бүрмөсөн устахаас хамгаалах зорилгоор 1997 оноос Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар төр, орон нутаг болон бусад талуудтай хамтран урт хугацааны хамгааллын ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.

Үүний дараах 1998 оны судалгаагаар монгол бөхөнгийн тоо 3000 орчимд хүрсэн байв.

Хамгааллын хэд хэдэн арга шийдвэрлэх нөлөө үзүүлжээ

Олон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хамгааллын бодлого нэг чиглэлээр бус, амьдрах орчин, хууль эрх зүй, иргэдийн оролцоо, хууль бус агнуурын хяналтыг зэрэг хамарсан байна.

  • Бөхөнгийн тархац нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авч, эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлжээ.
  • Бөхөн хамгаалагчдын сүлжээ байгуулж, хууль бус агнуурын эсрэг тогтмол хяналт хийх болсон байна.
  • Нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлснээр хамгааллын ажилд сайн дурын оролцоо өсжээ.
  • Бөхөн усалдаг булаг, шандын эхийг хамгаалж, амьдрах орчны нөхцөлийг сайжруулсан байна.

Эдгээр арга хэмжээний үр дүн сүүлийн жилүүдэд илүү тод харагдаж эхэлжээ. 2025 оны судалгаагаар монгол бөхөнгийн нийт тоо толгой 28,800 гаруйд хүрсэн байна.

Үүнээс гадна бөхөн зөвхөн тоогоор өсөөд зогсохгүй өмнө нь алдагдаад байсан түүхэн тархац нутаг руугаа өөрийн жамаар дахин шилжин суурьшиж эхэлсэн нь онцгой ач холбогдолтой байна.

Тодруулбал, монгол бөхөн олон жилийн дараа Хяргас нуурын хөндийд эргэн ирж, тус бүсэд одоогоор 1,659 орчим бөхөн нутагшаад байгаа аж.

Хүчлэн нутагшуулаагүй ч байгалийн жамаар тархац нь тэлжээ

Монгол бөхөнгийн энэ сэргэлт нь ховор амьтныг заавал барьж зөөвөрлөн шинээр нутагшуулахгүйгээр, түүний амьдрах орчин болон хамгаалалтын тогтолцоог зөв бүрдүүлэхэд популяци өөрөө сэргэж болдгийг харуулсан жишээ болж байна.

Мэргэжилтнүүд энэ талаар:

“Энэхүү амжилт нь том биетэй хөхтөн амьтныг зориудаар нутагшуулах биш, харин хамгааллын оновчтой арга хэлбэр, менежментийг хэрэгжүүлснээр амьтан байгалийн жамаараа нүүдэллэн тархаж, популяци нь сэргэх бүрэн боломжтойг харуулсан зэрлэг амьтан хамгааллын сонгодог жишээ болж байна”

гэж онцолжээ.

Ердөө хэдхэн арван жилийн өмнө мөхлийн ирмэг дээр байсан монгол бөхөн ийнхүү дахин хэдэн арван мянгаар тоологдож, өмнөх нутагтаа буцан тархаж эхэлсэн нь Монголын байгаль хамгааллын хамгийн амжилттай жишээнүүдийн нэг болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу