Жирэмсэн эмэгтэйчүүдийн шим тэжээлийн дутагдал анхаарал татах түвшинд хүрснийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Судалгаагаар Монголд 5 жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь төмрийн дутагдалтай байгаа бол 10 эх тутмын 7 нь Д аминдэмийн дутагдалтай байна. Мөн улсын хэмжээнд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд иодын дутагдалд өртөх эрсдэл өндөр байгааг тогтоожээ.
Шим тэжээлийн дутагдал нь дутуу төрөх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна ясны сийрэгжилт, ургийн өсөлт саарах зэрэг сөрөг үр дагаварт хүргэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Энэ нөхцөл байдлын хүрээнд жирэмсний үед бичил тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал болохыг мэргэжилтнүүд онцолжээ. Мөн шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх шаардлагатайг сануулсан байна.