Оросын армийн Антонов-26 загварын цэргийн ачаа тээврийн онгоц Крымийн хойг дээгүүр төлөвлөгөөт нислэг хийж явахдаа осолдсон талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, Москвагийн цагаар гуравдугаар сарын 31-ний 18:00 цагийн орчимд Крымийн хойгийн дээгүүр нисэж явсан цэргийн тээврийн Ан-26 онгоцтой холбоо тасарсан байна. Үүний дараа аврах багууд ослын байршлыг тогтоож, газар дээрээс авсан урьдчилсан мэдээллээр нисэх багийн зургаан гишүүн болон 23 зорчигч бүгд амь үрэгдсэн нь тодорхой болжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, уг онгоц хадан цохио мөргөсний улмаас сүйрсэн байна.
Ослын шалтгааныг одоогоор урьдчилсан байдлаар техникийн гэмтэл, доголдолтой холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж.