Дулааны улирал эхэлж, хүмүүс ой мод, өндөр өвстэй газар илүү олноор зорчих болсноор хачигт хазуулах эрсдэл нэмэгддэг. Ийм үед анхаарал болгоомжгүй байдал нь хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх аюултай.
Хачиг нь цус сорох үедээ нян, вирус, паразит зэрэг өвчин үүсгэгчийг дамжуулж, хүн болон мал амьтанд халдварт өвчин тараах эрсдэлтэй байдаг. Тиймээс зөвхөн хөдөө орон нутагт төдийгүй ногоон бүс, ойт болон өвстэй газраар явахдаа ч хамгаалалт сайтар хийх шаардлагатай.
Хачгаас сэргийлэхэд юуг анхаарах вэ?
Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд ой, өвс ихтэй газар явахдаа аль болох битүү, цайвар өнгийн хувцас өмсөх нь зүйтэй. Мөн 2-3 цаг тутамд биеэ шалгаж, хачиг наалдсан эсэхийг нягтлах хэрэгтэй. Үүнээс гадна хачиг үргээгч болон хамгаалах зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэх нь эрсдэлийг бууруулах чухал арга болдог.
Хазсан тохиолдолд яах ёстой вэ?
Хачигт энцефалитын эсрэг вакцинд хамрагдах нь халдвараас сэргийлэх найдвартай аргуудын нэг юм. Хэрэв хачиг хазсан бол зөв аргаар аль болох хурдан салгах шаардлагатай. Мөн ноос, ноолуур зэрэг түүхий эдийг гэртээ хадгалахгүй байх нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтойг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс анхааруулж байна.