54 жилийн дараа NASA дэлхийн бүтэн төрхийг дахин харуулсан түүхэн зургийг дэлгэлээ

Artemis II хөлгөөс авсан шинэ зураг сансрын түүхэнд онцгой мөч болов

1972 оноос хойш анх удаа хүнтэй нислэгийн баг дэлхийг ийм холоос бүтнээр нь гэрэл зурагт буулгаж чадлаа. NASA-гийн 2026 оны дөрөвдүгээр сарын 2-нд эхлүүлсэн Artemis II хөтөлбөрийн үеэр сар руу чиглэн нисэж буй сансрын нисэгчид дэлхийг 200 мянган милийн зайнаас бүхэлд нь харуулсан шинэ зургийг авчээ.

Энэ зураг дээр Атлантын далай өргөнөөр харагдаж, Сахарын цөл, Иберийн хойгийн хэсэг, Өмнөд Америкийн тодорхой бүсүүд нэг кадрт багтсан байна. Мөн дэлхийн дээд, доод хэсэгт хоёр туйлын туяа тодорч, зургийн нэг өнцөгт Сугар гараг онцгой хурц гэрэлтэж харагджээ.

Artemis II нь Флорида дахь Кеннедигийн сансрын төвөөс хөөрсөн хүнтэй нислэг бөгөөд гол зорилго нь шинэ Orion хөлгийг бодит нөхцөлд туршиж, ирээдүйн саран дээр буух нислэгүүдийн бэлтгэлийг хангахад оршиж байна. Энэ удаагийн аяллын хүрээнд дөрвөн сансрын нисэгч сарны гадаргад буухгүй, зөвхөн түүнийг тойрон нисээд дэлхий рүү буцна.

Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар Orion хөлөг дэлхий, сарны хоорондын замын хагасыг туулж, эх дэлхээс 228 мянга гаруй километрийн зайд хүрсэн байна. Яг энэ мөчид NASA анхны зургуудыг олон нийтэд түгээжээ. Эдгээрийг хөлгийн командлагч Рейд Уайзман сар руу чиглэсэн замд амжилттай оруулсан чухал техникийн маневрын дараа авч илгээсэн байна.

Зурган дээр дэлхий сансрын харанхуй хоосон уудамд хөвж буй цэнхэр бөмбөрцөг шиг үзэгдэж байгаа нь онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Газраас харахад боломжгүй энэ дүр төрх нь манай гаргийг нэг дор бүхлээр нь харах боломж олгожээ. Хөлгийн тухайн үеийн байрлалаас шалтгаалан дэлхий эргэсэн мэт харагдаж байгаа ч энэ нь зөвхөн камерын өнцөгтэй холбоотой юм.

Дэлхийн захад нарны гэрэлд зөөлөн гэрэлтсэн нимгэн цагираг мэт зүйл ажиглагдах бөгөөд энэ нь манай гаргийн агаар мандал аж. Харин туйлын туяанууд нь нарнаас ирсэн цэнэгт бөөмс дэлхийн агаар мандалтай мөргөлдөхөд үүсдэг үзэгдэл гэдгийг NASA тайлбарласан байна.

Энэ нислэг яагаад түүхэн ач холбогдолтой вэ

Artemis II нь зөвхөн техникийн туршилт биш, мөн хүн төрөлхтөн дахин холын огторгуй руу буцаж буйг бэлгэдсэн түүхэн алхам болж байна. NASA-гийн мэдээлснээр, Apollo 17 нислэгээс хойш буюу 1972 оноос өнөөг хүртэл хүнтэй нислэгүүд дэлхийн нам тойргоос цааш ийм хол явж байгаагүй. Олон арван жилийн турш сансрын нисэгчид Олон улсын сансрын станц зэрэг дэлхийд харьцангуй ойр орших бүсэд ажиллаж ирсэн тул дэлхийг бүтнээр нь харах боломж бараг байгаагүй юм.

Энэ удаагийн нислэгийн үеэр багийн гишүүн Кристина Кох замын дундад хүрсэн мөчийг багийнхны хувьд сэтгэл хөдөлгөм онцгой агшин байсан гэж тэмдэглэжээ. Мөн тэд сансрын хөлгөөс сараа нүцгэн нүдээр харж байгаагаа ч мэдээлсэн байна.

Нийтдээ 10 орчим хоног үргэлжлэх энэ аяллын дараагийн шатанд Orion сарны хажуугаар тойрч, түүнээс бүр цааш алслан нисээд, дараа нь дэлхий рүү шууд буцах юм. Ийм төрлийн нислэг нь хүнтэйгээр бүх системийг бодит орчинд шалгах хамгийн чухал сорил болдог бөгөөд дараагийн удаад саран дээр газардах зорилготой нислэгүүдийн суурийг тавьж байна.

Хэрэв төлөвлөгөөний дагуу бүх зүйл үргэлжилбэл Orion ойрын өдрүүдэд дэлхийгээс 400 мянган километрээс ч илүү зайд хүрэх боломжтой гэж NASA найдаж байна. Хэрэв энэ биелбэл хүнтэй нислэгийн түүхэнд урьд өмнө хэзээ ч хүрч байгаагүй шинэ зайн дээд амжилт тогтоох юм

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу