Dayoung-ийн шинэ бүтээлд оролцсон нь түүний уран бүтээлийн замналын шинэ эхлэл боллоо
Холливудын алдарт жүжигчид Анжелина Жоли, Брэд Питт нарын охин Шайло Жоли 19 насандаа К-поп хөгжмийн видеонд оролцож, олон улсын фенүүдийн анхаарлыг хүчтэй татлаа. Бүжигт дуртай гэдгээрээ өмнө нь хэд хэдэн удаа яригдаж байсан тэр энэ удаад илүү албан ёсны уран бүтээлийн ажилд оролцсоноороо онцлог болов.
PEOPLE зэрэг гадаадын хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ жил 19 нас хүрсэн Шайло WJSN хамтлагийн Dayoung-ийн “What’s a Girl to Do” синглийн тизер видеонд оролцсоноороо өөрийн анхны албан ёсны уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ.
Төслийг хариуцсан Starship Entertainment-ийн эх сурвалжийн мэдээлснээр, Dayoung-ийн клипэнд тоглох хүмүүсийг АНУ-д нээлттэй шалгаруулалтаар сонгосон байна. Тухайн үед “Culture” бүжгийн багийн хэд хэдэн гишүүн шалгаруулалтад оролцсон бөгөөд эцсийн шатанд Шайло сонгогджээ.
Эх сурвалж мөн “Сүүл болтол бид түүнийг Анжелина Жоли, Брэд Питт нарын охин гэдгийг мэдээгүй. Зураг авалт дууссаны дараа санамсаргүйгээр хэн болохыг нь олж мэдээд бид ч бас их гайхсан” гэж ярьсан байна. Энэ нь Шайло уг клипэнд эцэг эхийнхээ нэр нөлөөгөөр бус, зөвхөн өөрийн ур чадвараар орсон гэсэн үг юм.
Түүний төрх, бүжиг хоёул олны анхаарлыг татлаа
Нийтэд ил болсон тизер бичлэг дээр Шайло хойш самнасан үс, хүрэн өнгийн нэхсэн топ, том дугуй ээмэгтэй харагдсан бөгөөд түүний төрх олон хүний анхаарлыг татжээ. Ялангуяа 1991 оны үеийн Анжелина Жолиг санагдуулам нүүр төрх нь фенүүдийн дунд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байна. Зарим нь бүр “Жолигийн хамгийн оргил үе эргэж ирсэн мэт байна” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.
Гэхдээ энэ оролцоо зүгээр нэг богино камео байгаагүй. Шайло бүжгийн хэсгүүдэд ч өөрийн оролцоог мэдрүүлж чадсан байна. Тэр Лос-Анжелесын Millennium Dance Complex зэрэг нэр хүндтэй студиудад удаан хугацаанд бэлтгэл хийж, бүжгийн ур чадвараа тогтмол хөгжүүлж иржээ. Мөн өмнө нь Doja Cat-ийн “Vegas” дууны бүжгийн бичлэгүүд дээр өөрийн чадвараа харуулж байсан юм.
Саяхан Шайло өөрийн овгоос аав Брэд Питтийн нэрийг хасч, одоо “Шайло Жоли” нэрээр ажиллаж эхэлсэн байна. Ийм үедээ К-попыг анхны албан ёсны видео төсөл болгон сонгосон нь салбарын хувьд тун өвөрмөц, зоримог алхам гэж үнэлэгдэж байна.
Холливудын хамгийн алдартай гэр бүлийн хүүхдүүдийн нэг болох Шайло бага наснаасаа олны анхаарлын төвд өссөн. Гэр бүл, найз нөхөд нь түүнийг “Шай” гэж дууддаг бөгөөд түүний бүжгийн авьяас анх 2021 онд олонд ил болж, олон хүнийг гайхшруулж байв.
2024 онд төрсөн өдрийг нь тохиолдуулан түүний бүжгийн багш Килан Картер студид бэлтгэл хийж буй бичлэгийг нь онцгойлон нийтэлж байсан. Тэр бичлэг дээр Шайло ур чадвартай, эрч хүчтэй хөдөлгөөнөөрөө үзэгчдийг татсан юм.
Тухайн үед Картер Daily Mail-д өгсөн ярилцлагадаа “Хэдийгээр тэр алдартай эцэг эхтэй ч зорилгодоо хүрэхдээ нэр хүндэд нь найдахгүй байхаар шийдсэн. Тэр бол маш авьяастай бүжигчин, дээр нь тууштай, хичээнгүй нэгэн” гэж хэлжээ. Мөн “Тэр маш үнэнч, шударга хүн. Алдартай гэдгээ хувийн ашиг хонжоонд хэзээ ч ашигладаггүй” гэж нэмж ярьсан байна.
Шайлогийн аав Брэд Питт ч түүний бүжгийн авьяасыг өмнө нь магтаж байсан. Тэр 2022 онд Entertainment Tonight-д өгсөн ярилцлагадаа охиныхоо тухай “Тэр үнэхээр үзэсгэлэнтэй” гэж хэлээд, “Түүний авьяасыг харахаар нулимс гардаг” хэмээн ярьж байв.
Анжелина Жоли, Брэд Питт нар 2014 оны наймдугаар сард Францын өмнөд хэсэгт нууцаар хуримаа хийсэн билээ. Тэд хамтдаа Шайло, мөн ихэр Вивьен, Нокс нарыг төрүүлсэн бөгөөд Захара, Пакс нарыг өргөж авсан. Мөн Брэд Питт Анжелинагийн өмнөх харилцаанаас төрсөн Мэддоксыг албан ёсоор өргөж авч байжээ. Гэвч 2016 онд зургаан хүүхдийнхээ хамт хувийн онгоцоор зорчиж явах үеэр гарсан маргааны дараа тэдний гэрлэлт задран, улмаар олон жил үргэлжилсэн маргаантай салалтын хэрэг эхэлсэн юм.
Шайлогийн өөр нэг бүжгийн дасгалжуулагч Колони Маркс PEOPLE-д ярилцахдаа түүний мэргэжлийн хандлагыг өндрөөр үнэлжээ. Тэрээр “Шайло бол маш өндөр төвлөрөлтэй бүжигчин. Хичнээн хүнд хөдөлгөөн байсан ч өөрийн болгохын тулд тасралтгүй чармайдаг” гэж хэлсэн байна.
Dayoung-ийн “What’s a Girl to Do” дууны бүтэн клип энэ сарын 7-нд олон нийтэд цацагдах юм.
