Маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй замын хөдөлгөөнд оролцож эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдэд зориулсан зөвлөмж, шаардлагуудыг танилцууллаа.
Шинэ зохицуулалтын дагуу суррон буюу бартаат замын зориулалттай цахилгаан дугуй унах насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтоож, энэ төрлийн тээврийн хэрэгслийг мотоциклийн ангилалд хамааруулжээ.
Ингэснээр суррон унаж замын хөдөлгөөнд оролцох иргэн заавал насанд хүрсэн байх, А ангиллын жолооны үнэмлэхтэй байх, улсын бүртгэлийн дугаартай байх, хоёр талдаа тольтой байх, мөн хамгаалалтын хувцас хэрэгслээ бүрэн өмссөн байх шаардлагатай болж байна.
Хэрэв дээрх шаардлагыг хангаагүй атлаа суррон унаж хөдөлгөөнд оролцвол тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгох аж.
Харин түрээсийн мопед болон скүүтерийг 16 нас хүрсэн иргэнд түрээслэхээр зохицуулсан байна.
Холбогдох байгууллагын зүгээс иргэдийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалжээ.