Хувьцааны арилжааны хэрэгт холбогдсон HYBE-ийн үүсгэн байгуулагчийг шалгаж байна
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага хувьцааны хууль бус арилжаанд сэжиглэгдэж буй HYBE компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Бан Ши Хюкийг баривчлах хүсэлтийг өнөөдөр өглөө шүүхэд гаргасан байна.
HYBE нь к-поп урлагийн менежментийн салбарын томоохон компаниудын нэг бөгөөд BTS, SEVENTEEN, NewJeans зэрэг алдартай хамтлагуудыг төрүүлсэн билээ.
Бан Ши Хюкийг 2019 онд хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн мэдээллээр хуурч, HYBE компанийн хувьцааг анхдагч зах зээлд гаргахаас өмнө зарсан гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Мөрдөн шалгалтын хүрээнд түүнийг энэ замаар 200 тэрбум воны буюу 135.9 сая ам.долларын хууль бус ашиг олсон байж болзошгүй гэж үзэж байна.
Өмнөд Солонгосын Хөрөнгийн зах зээлийн тухай хуульд хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар худал мэдээлэл түгээж, үүний улмаас таван тэрбум воноос дээш ашиг олсон тохиолдолд буруутай этгээдэд доод тал нь таван жилийн хорих ял, дээд тал нь бүх насаар хорих ял оноохоор заасан байдаг.
HYBE-ийн тал хууль зөрчөөгүй гэж мэдэгдэв
Бан Ши Хюк болон түүний өмгөөлөгчид HYBE компанийн хувьцааг анхдагч зах зээлд гаргах ажиллагаа бүхэлдээ хууль, дүрмийн дагуу явагдсан гэж мэдэгдэж байна.
Цагдаагийн байгууллага энэ хэрэгтэй холбоотой анхны мэдээллийг 2024 онд авсныхаа дараа Солонгосын Хөрөнгийн бирж болон HYBE компанийн төв байранд нэгжлэг хийжээ.
Одоогоор Бан Ши Хюкт хилийн хориг тавиад байгаа юм. Саяхан Сөүл дэх АНУ-ын Элчин сайдын яам BTS хамтлагийн аялан тоглолттой холбоотойгоор түүнийг АНУ-д зорчих боломж олгохыг хүссэн албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна.