Мэттью Перригийн үхэлтэй холбоотой “кетамины хатан хаан” 15 жилийн хорих ял сонслоо

“Friends”-ийн одын аминд хүрсэн хэрэгт холбогдсон эмэгтэйн ялыг шүүх хэвээр үлдээв

Лхагва гарагт АНУ-ын холбооны шүүх “Friends” цувралын жүжигчин Мэттью Перрийг 2023 онд амиа алдахад хүргэсэн хэрэгт гэм буруугаа хүлээсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноолоо.

42 настай Жасвин Санга нь жүжигчинд кетамин худалдсан хүн бөгөөд Перри энэ бодисын тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 54 насандаа таалал төгссөн юм.

Уг хэрэгтэй холбогдуулан нийт таван хүн гэм буруугаа хүлээснээс Санга нь ял сонссон гурав дахь хүн болж байна.

Мэттью Перри 1990-ээд болон 2000-аад оны үед “Friends” цувралд Чандлер Бингийн дүрийг бүтээж, телевизийн хамгийн алдартай оддын нэг болсон билээ.

Прокурорууд Жасвин Сангаг 15 жилийн хорих ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүх энэ шийдвэрийг хэвээр баталсан байна.

“Кетамины хатан хаан” хочит эмэгтэй өмнө нь ч ижил төрлийн хэрэгт холбогдож байжээ

Онцгой хүрээний үйлчлүүлэгчдэд хар тамхи нийлүүлдэг байсан Санга нь “Кетамины хатан хаан” гэх хочоор танигдсан нэгэн аж. Түүний өмгөөлөгчид 2024 оны наймдугаар сараас хойш хоригдсон хугацааг ялд нь тооцох, хоригдож байх хугацаандаа сайн үлгэр жишээ үзүүлсэн, дахин хар тамхины наймаанд орох магадлал багатай гэх шалтгаанаар ялыг нь хөнгөрүүлэх хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй байна.

Лос-Анжелес дахь гэрийнхээ халуун усны онгоцонд нас барсан Перриг мэс заслын үед мэдээ алдуулалтад ашигладаг кетаминыг хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөд болсон гэсэн дүгнэлтийг шүүх эмнэлгийн шинжээчид өмнө нь гаргаж байжээ.

Перри сэтгэл гутралын эмчилгээний хүрээнд энэ бодисыг хууль ёсоор хэрэглэж байсан ч эмчийн зөвлөснөөс илүү тун хэрэглэх хүсэл нь эцэстээ аминд нь хүргэсэн байна.

Жүжигчний эмч Сальвадор Пласенсиа нэмэлт кетамин олж өгснөө хүлээн зөвшөөрч, 2.5 жилийн хорих ял сонссон юм. Харин Перриг нас барахаас дөрөв хоногийн өмнө үхлийн тунтай 25 шил кетаминыг 6000 ам.доллараар зарсан хүн нь Санга байсан болохыг мөрдөгчид тогтоосон байна.

Пласенсиад кетамин нийлүүлж байсан өөр нэг эмч найман сарын гэрийн хорионы ял сонссон бол Перрид кетамин авахад нь зуучилсан туслах болон түүний нэг найз одоо хүртэл шүүх хурлаа хүлээж байгаа аж.

Жасвин Санга өмнө нь Перритэй холбоогүй өөр нэг үхлийн хэрэгт ч нэр холбогдож байжээ. Түүнээс өндөр тунтай кетамин худалдаж авсан 33 настай Коди Маклори 2019 онд амиа алдсан байна. Маклори тун хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсныг мэдсэн атлаа Санга наймаагаа үргэлжлүүлсээр байсан нь энэ удаагийн хэргээр олон жилийн ял авахад нь нөлөөлсөн гэж үзжээ.

Мөрдөн шалгах баримт материалд дурдсанаар, Перригийн үхлийн тухай мэдсэн үедээ ч тэр ижил төстэй хандлага гаргасан байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу