48 кг-ын жинд финалд шалгарсан 21 настай тамирчин Монголын багийн анхны мөнгөн медалийг авлаа
Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын “Аса арена”-д 10 дахь өдрөө үргэлжилж, эмэгтэйчүүдийн 10 жингийн финалын тулаанууд өнөөдөр эхэллээ.
Финалын эхний тулаан 48 кг-ын жинд болж, энэ удаагийн ААШТ-ий анхны алтан медальтан тодорсон байна. Тус жинд Монголын тамирчин, спортын мастер Э.Номундарь Энэтхэгийн боксчин Минакши Минакшитай хүч үзжээ. Улмаар хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялалтыг Энэтхэгийн тамирчинд өгсөн байна.
Ингэснээр Э.Номундарь насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо мөнгөн медаль хүртсэн амжилт гаргалаа.
Залуучуудын түвшнээс өсөж гарч ирсэн Э.Номундарь ААШТ-ий хамгийн залуу тамирчин байв
Э.Номундарийн хувьд “Мон Алтиус” дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан бөгөөд өдгөө 21 настай. Тэр энэ удаагийн Ази тивийн аваргад оролцож буй хамгийн залуу тамирчин болж байгаагаараа онцлог байлаа.
Үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Э.Номундарь өмнө нь 2024 онд Казахстаны Астана хотод болсон сонирхогчдын боксын залуучуудын Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан. Мөн Алматы хотод болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль авч байжээ.
Одоогийн байдлаар Монголын баг тамирчид энэ удаагийн тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна. Харин маргааш эрэгтэйчүүдийн 10 жингийн финалын тулаанууд болсноор насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх юм. Монгол Улсаас 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан рингэнд гарахаар хүлээгдэж байна.