HBO кино компанийн бүтээл “Euphoria” телевизийн цувралын шинэ улирлын ангиуд орон нутгийн цагаар энэ сарын 12-ны ням гарагаас олон нийтэд хүрч эхлэхээр болжээ.
Анх 2019 онд үзэгчдэд хүрсэн тус цуврал IMDb сайтад 8.2 үнэлгээтэй бөгөөд өсвөр насныхны хайр дурлал, сэтгэлийн тэмцэл, алдаа оноо, дотоод зөрчлийг зоригтойгоор харуулдгаараа онцлог юм. Түүнчлэн энэ бүтээл Зендая, Сидни Суини зэрэг жүжигчдийн карьерийг илүү өндөр түвшинд гаргахад чухал нөлөө үзүүлсэн билээ.
Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд Лос-Анжелес хотод “Euphoria” цувралын гуравдугаар улирлын албан ёсны нээлт боллоо. Энэ үеэр кино компанийн зүгээс уг улирлын дараа дахин шинэ бүлэг хийхгүй гэдгээ мөн мэдэгдсэн байна.
Нээлтийн арга хэмжээнд Зендая өөрийг нь жинхэнэ супер оддын эгнээнд хүргэсэн цувралынхаа улаан хивсэн дээр сүүлийн үед онцгой нэрд гарч буй загвар зохион бүтээгч Мохаммед Ашигийн урласан хар даашинзаар гоёжээ. Харин Сидни Суини Итали гаралтай Францын алдарт дизайнер агсан Пьер Карденын цагаан даашинз өмсөн оролцсон байна.
Ийнхүү олон жилийн турш үзэгчдийн анхаарлын төвд байсан “Euphoria” шинэ улирлаа эхлүүлэхийн зэрэгцээ төгсгөл рүүгээ ойртож буйгаа зарласнаар дахин хүчтэй яригдаж эхэллээ.