34 настай Мари-Луизе Эта Европын топ лигүүдийн нэгэнд багтдаг эрэгтэй хөлбөмбөгийн багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон анхны эмэгтэй болж түүхэнд бичигдлээ. Тэрээр Берлины “Унион” клубийн үндсэн багийг улирал дуустал удирдах бөгөөд үүний дараа тус клубийн эмэгтэй багт шилжихээр болсон байна.
Мари-Луизе Эта өмнө нь мэргэжлийн хөлбөмбөгчин байсан юм. Тэр “Турбин”, “Хамбург”, “Вердер” клубүүдэд тоглож, мөн Германы өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. Карьерынхаа хугацаанд тэр Бундеслиг, Аваргуудын лигийн аварга болж, өсвөрийн түвшинд Европын болон дэлхийн аваргын алтан медаль хүртэж байсан байна. Гэвч 26 насандаа гэмтлийн улмаас мэргэжлийн замналаа өндөрлүүлэхээс өөр аргагүй болжээ.
Дасгалжуулагчийн ажлын хувьд Эта өмнө нь “Унион”-ы залуучуудын багтай ажиллаж байсан бөгөөд одоо 54 настай Штефан Баумгартерыг орлон үндсэн багийг хариуцахаар болж байна. Түүний өмнө амаргүй сорилт тулгарч байгаа нь “Унион”-ыг Бундеслигт авч үлдэх зорилт юм.
Шинэ албан тушаалынхаа талаар Мари-Луизе Эта “Хүснэгтийн доод хагаст явж байгааг харгалзан үзвэл манай Бундеслиг дэх байр суурь одоогоор баталгаатай биш байна. Клуб надад энэ хүнд даалгаврыг итгэж өгсөнд баяртай байна” гэж мэдэгджээ.
Эрэгтэй хөлбөмбөгийн дээд дивизионы багийг эмэгтэй хүн ерөнхий дасгалжуулагчаар удирдаж буй тохиолдол өмнө нь байгаагүй юм. Доод лигүүдэд ч ийм жишээ тун ховор хэвээр байгаа бөгөөд одоогийн цөөн жишээний нэг нь Баварын “Ингольштадт” клубийг удирдаж буй Сабрина Виттман юм.