“Улаанбаатар трам” төсөл хэрэгжвэл агаарын бохирдол, хорт хийн ялгаралт мэдэгдэхүйц буурна

Авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, нийтийн тээвэрт их багтаамжийн шинэ төрлийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилтын хүрээнд “Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Трамвай нь 100 хувь цахилгаанаар ажилладаг учраас авто замын түгжрэл болон автомашины утаанаас шалтгаалсан агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэхээр байгааг онцолжээ. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлд дурдсанаар уг төслийг хэрэгжүүлснээр нүүрстөрөгчийн дутуу ислийн ялгаруулалт жилд 39 мянган тонноор, азотын давхар ислийн ялгаруулалт 234 тонноор, нарийн ширхэгт тоосонцрын ялгаруулалт 2.7 тонноор буурах боломжтой аж.

Мөн трамвай нэвтэрснээр зорчих хугацаа богиносож, үүнээс үүдэн жил бүр 49.6 сая ам.долларын хэмнэлт гарах тооцоо гарсан байна. Үүн дээр нэмээд шатахууны хэрэглээ болон ашиглалтын зардал буурснаар жилд дахин 14.2 сая ам.доллар хэмнэх боломжтой гэж үзжээ.

Төслийн талаар олон нийтийн санал хүсэлтийг авч, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүнд Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийт 38 хорооны иргэд оролцсон байна. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд төслийн хүрээнд ногоон байгууламжийг зөв төлөвлөх, аюулгүй байдлыг бүрэн хангах, замын хөдөлгөөнд иргэдэд нэмэлт дарамт учруулахгүй байх асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэж үзжээ.

Ингэснээр “Улаанбаатар трам” төсөл нь зөвхөн нийтийн тээврийн шинэ хэлбэр нэвтрүүлэхээс гадна хотын агаарын бохирдол, шатахууны хэрэглээ, замын ачааллыг бууруулах олон талын үр өгөөжтэй томоохон шийдэл болохоор харагдаж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу