Үүрэн холбооны интернэтийг хаахыг аюулгүй байдлын арга хэмжээ гэж үзэж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт иргэдийн гар утасны интернэтийг хааж байгаа шалтгааны талаар анх удаа албан ёсоор байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Засгийн газрын гишүүдтэй уулзах үеэрээ, “Гэмт хэрэгтнүүд эцсийн эцэст бүх зүйлийг сонсож, харж байдаг. Хэрвээ тэдэнд ямар нэг мэдээлэл хүрвэл гэмт хэрэг үйлдэх сэдэл болох нь гарцаагүй” гэж хэлсэн байна.
Путиний тайлбарласнаар, үүрэн холбооны интернэт үйлчилгээг таслах нь террорист халдлагаас урьдчилан сэргийлэх чухал хамгаалалтын нэг хэлбэр ажээ.
Орос даяар интернэтийн тасалдал нэмэгдэж, иргэд бухимдаж эхэлжээ
Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын олон бүс нутагт интернэт тасалдах үзэгдэл байнга ажиглагдах болсон. Харин сүүлийн саруудад ийм саатал улам олширч, үүнд бухимдсан иргэд энэ байдлыг “дижитал төмөр хөшиг” хэмээн нэрлэх болсон байна.
Өмнө нь Оросын эрх баригчид Telegram, WhatsApp зэрэг тодорхой платформуудыг аюулгүй байдлын үндэслэлээр хааж байсан бол одоо интернэт сүлжээг бүхэлд нь хаах практик руу шилжжээ.
Путин мөн энэ үеэр хууль сахиулах байгууллагуудыг үйл ажиллагаандаа иргэдийн амин чухал ашиг сонирхлыг харгалзан үзэхийг уриалсан ч үндэсний аюулгүй байдал бүхнээс дээгүүр байх ёстойг онцолсон байна.
Үүнтэй холбоотойгоор тэр ОХУ-ын Дижитал хөгжлийн сайд Максут Шадаевт онлайн үйлчилгээний “цагаан жагсаалт”-ыг тогтвортой ажиллуулахын тулд аюулгүй байдлын байгууллагуудтай нягт хамтран ажиллах үүрэг өгчээ.
Тухайн жагсаалтад тасалдалгүй ажиллах ёстой хэд хэдэн үйлчилгээ орсон бөгөөд үүнд төрөөс хөгжүүлсэн Max мессенжер, төрийн цахим үйлчилгээ, мөн зарим томоохон банкны үйлчилгээ багтаж байгаа аж.
Харин Путин энэ удаагийн мэдэгдэлдээ интернэтийн хоригийг тойрон гарахад хамгийн өргөн ашиглагддаг VPN сүлжээний хэрэглээг хязгаарлаж буй талаар огт дурдсангүй.
VPN-ийг хязгаарлах ажлыг яамныхаа тэргүүлэх зорилтын нэг болгож байгааг Максут Шадаев гуравдугаар сарын сүүлчээр мэдэгдэж байсан юм.