Кёльнд хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг 100 хоногийн турш шалгаж байна

Оролцогчдыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлажээ

Кёльн хотод хүний бие махбод, сэтгэл зүйн тэсвэр тэвчээрийн дээд хязгаарыг шалгах онцгой туршилт явагдаж байна. Уг судалгаанд оролцож буй зургаан хүн гадаад орчноос бүрэн тусгаарлагдан, гэр бүл, найз нөхөдтэйгөө ямар ч холбоо барихгүйгээр, хатуу тогтоосон дүрэм журмын хүрээнд 100 хоногийг өнгөрүүлж байгаа юм.

Тэд жижиг багийн бүрэлдэхүүнд, хязгаарлагдмал орчинд амьдарч байгаа бөгөөд Германы Агаарын тээвэр, сансар судлалын төвийн буюу DLR-ийн эрдэмтэд ийм нөхцөл хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар, биеийн ерөнхий байдалд хэрхэн нөлөөлөхийг судалж байна.

60 хоног орноос босохгүй байх өөр нэг туршилт

Үүнтэй зэрэгцэн бас нэгэн судалгаа хэрэгжиж байгаа бөгөөд энэ удаад 12 оролцогч 60 хоногийн турш орноосоо огт босохгүй байх ёстой ажээ. Энэхүү хэвтээ дэглэмийн туршилт нь сансар дахь жингүйдлийн нөхцөлийг газар дээр дуурайлган бий болгох зорилготой юм.

Оролцогчдын хэвтэж буй орны толгой хэсгийг 6 хэмээр доош налуулсан байна. Ийм байрлал нь сансарт байх үед хүний биед үүсдэг өөрчлөлтүүдийг дуурайлгадаг бөгөөд үүнд биеийн шингэний хуваарилалт өөрчлөгдөх, булчингийн масс багасах, тэнцвэрийн мэдрэмж сулрах зэрэг нөлөө багтдаг байна.

Сар, Ангараг руу хийх нислэгт бэлтгэж байна

Эдгээр туршилтын гол зорилго нь ирээдүйд Сар болон Ангараг гараг руу хийх урт хугацааны сансрын нислэгт бэлтгэх явдал юм. Сар руу хүрэхэд ойролцоогоор гурван хоног шаардлагатай бол Ангараг гараг руу нисэхэд гаргуудын байрлалаас шалтгаалан дунджаар зургаан сар орчим хугацаа шаардагдана.

Судалгаанд хамрагдаж буй хүмүүсийг “хуурай газрын сансрын нисэгчид” хэмээн нэрлэж байгаа бөгөөд туршилтын үеэр цуглуулсан мэдээлэл, өгөгдөлд тулгуурлан жинхэнэ сансрын нисэгчдийг илүү үр дүнтэй, бодит нөхцөлд ойр байдлаар бэлтгэхээр төлөвлөж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу