Хөвсгөлд газрын 70 орчим үйлчилгээг киоск машинаар авах боломжтой боллоо

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар газрын харилцааны төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, шуурхай хүргэх зорилгоор киоск машиныг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Уг төхөөрөмжийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас баталсан стандартын дагуу үйлдвэрлэсэн байна.

Газрын харилцааны энэхүү киоск машин нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газартай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой аж. Тухайлбал, 52 төрлийн өргөдлийг цахимаар илгээх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах боломжтой.

Мөн хэрэглэгч цахимаар гаргасан хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ болон гэрчилгээ үүсгэх, газрын төлбөрөө хянах, QR код ашиглан төлбөр төлөх зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломж бүрджээ.

Энэхүү киоск машиныг нэвтрүүлснээр газрын харилцааны салбарт шаардлагагүй шат дамжлагыг багасгаж, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй болгоход чухал ахиц гарна гэж үзэж байна.

Иргэд регистрийн дугаар болон системд бүртгэлтэй гар утасны дугаараа ашиглан төхөөрөмжид нэвтэрч, өөрт хэрэгтэй газрын үйлчилгээг авах боломжтой юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу