2025 оны 5-р сарын 10-ны өдөр Казахстаны Астана хотноо CS2 төрлийн “PGL Astana 2025” тэмцээн албан ёсоор эхэллээ. 625 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлөн The MongolZ баг чансаагаараа өрсөлдөж байна.
Энэ удаад тэмцээний гол фаворит гэгдэж буй Францын “Vitality” баг оролцохгүй тул бусад багуудад тэргүүн байр эзлэх боломж илүүтэй үүсээд байгаа юм.
The MongolZ баг өнөөдөр тэмцээний эхний тоглолтоо Улаанбаатарын цагаар 16:00-д Бразилын “FURIA” багийн эсрэг хийх бөгөөд хоёр баг өмнө нь дөрвөн удаа учраа таарахад The MongolZ гурван удаа хожсон түүхтэй. Хамгийн сүүлд “PGL Bucharest 2025” тэмцээний хүрээнд Монголын баг 2-0 харьцаатай ялалт байгуулсан нь тэдний давуу байдлыг улам бататгасан.
Энэ удаагийн тэмцээний түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэгээр The MongolZ нэрлэгдэж байгаа хэдий ч багийн ирээдүйтэй холбоотой эргэлзээ, таамаг нэмэгдэж буй талаар өнөөдөр шууд дамжуулалтын үеэр Энэтхэгийн алдарт CS2 тайлбарлагч, аналист “Bleh” буюу Судхен Вахенбам анхаарал татахуйц байр суурь илэрхийлжээ.
“Би өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт болсон MESA Nomadic Masters тэмцээнд оролцоод Астана руу ирсэн. Монголд шинэ, авьяастай тоглогчид хүч түрэн гарч ирж байна. Хэрвээ The MongolZ Остин Мэйжорт амжилт гаргаж чадахгүй бол бүрэлдэхүүнд өөрчлөлт орж мэднэ. Ялангуяа Techno4k-ийн хувьд ярих зүйл бий. Би түүнийг үргэлж өмгөөлж ирсэн. Blitz болон Techno4k хоёрыг сүүлийн 3–4 жилийн турш хамгаалсан, гэхдээ тоглолт нь улам дордож байна. The MongolZ яг одоо бүрэлдэхүүний өөрчлөлтийн ирмэг дээр ирээд байна. Энэ бүхнийг Остин Мэйжорын үр дүн шийднэ” хэмээн Bleh онцолжээ.
The MongolZ багийн хувьд хамгийн сүүлд 2024 оны арваннэгдүгээр сард олон улсын тэмцээнд түрүүлсэн боловч сүүлийн саруудын тогтворгүй амжилт нь шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
📌 Мөн онцлоход, The MongolZ багийн албан ёсны ивээн тэтгэгч нь 1xBet бөгөөд тус байгууллага Монголын esports-ийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлсээр байна.