2009 онд АНУ-ын Техас мужийн Форт-Худ цэргийн баазад гал нээсэн цэргийн сэтгэцийн эмч Нидал Хасаны цаазаар авах ялыг олон нийтэд нээлттэй гүйцэтгэхээр болжээ.
Энэ талаар Пентагоны тэргүүн Пит Хегсет Real America’s Voice телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
“Түүнийг буудан цаазална, тэгэх ч ёстой. Хүмүүс үүнийг харах боломжтой, олон нийтэд нээлттэй байлгахад бид анхаарна. Ийм үйлдэл хийвэл маш ноцтой үр дагавар хүлээдэг гэдгийг хүмүүс ойлгох ёстой” гэж тэр хэлжээ.
Хэд хэдэн хэвлэлийн мэдээлснээр, цаазаар авах ажиллагааг стримингээр шууд дамжуулахаар төлөвлөж байна.
Өмнө нь CBS News Хасаныг 12-р сарын 3-нд Форт-Худэд буудан цаазална гэж мэдээлсэн. Энэ нь 11 настай охиныг хүчирхийлж, амийг нь хөнөөхийг завдсан хэрэгт буруугаа хүлээсэн цэрэг Жон Беннетийг дүүжлэн цаазалснаас хойш 65 жилийн дараа АНУ-ын цэргийн алба хаагчид цаазаар авах ял гүйцэтгэх анхны тохиолдол болох аж.
Мөн Дэлхийн II дайнаас хойш АНУ-д буудан цаазлах аргаар ял гүйцэтгэх анхны тохиолдол болно гэж мэдээлжээ.
Хасан 2009 оны 11-р сарын 5-нд зэвсэггүй хамтран алба хаагчид руугаа гар буугаар гал нээсэн байна. Халдлага байлдааны бүс рүү илгээгдэхээр бэлтгэж байсан цэргүүд байрлаж байсан эмнэлгийн байранд болжээ.
Халдлагын улмаас 13 хүн амиа алдаж, өөр 32 хүн шархадсан байна. Хасаныг баривчлах үеэр шархадсан бөгөөд үүний дараа бэлхүүснээс доош саажилттай болжээ.
2013 оны 8-р сард тангарагтны шүүх түүнийг санал нэгтэйгээр цаазаар авах ялд шийтгэсэн. Шүүх хурал Форт-Худийн нутаг дэвсгэрт болсон бөгөөд Хасан өөрийгөө өөрөө өмгөөлж, гэм буруугүй гэдгээ нотлохыг оролдоогүй байна.