Бие сулраад, нойр хүрээд байна уу: “С” витамин дутагдсаны дохио байж мэднэ

Хаврын урт өдрүүдэд бие амархан сульдах, нойр хүрэх, ядрах зэрэг шинж олон хүнд илэрдэг. Ийм үед амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ зохистой хэмжээгээр хэрэглэх нь ядаргаа, нойргүйдэл болон дархлаа сулрах эрсдэлээс сэргийлэхэд чухал нөлөөтэй.

Амин дэмийн дутагдал биед хэрхэн нөлөөлдөг вэ

Хүний өдөр тутмын хоол хүнсэнд тодорхой хэмжээний амин дэм зайлшгүй агуулагдаж байх шаардлагатай. Харин шаардлагатай амин дэмүүд дутагдвал бие махбодод янз бүрийн сөрөг өөрчлөлт илэрдэг байна.

А витамин дутагдвал

А витамин дутагдах үед үс өнгөө алдаж, хэврэг болохоос гадна арьс хуурайшиж, үрчлээ үүсэх нь нэмэгддэг. Мөн нүдний хараанд нөлөөлж, ялангуяа оройн цагаар юм харах чадвар муудах эрсдэлтэй.

А витамин нь ихэвчлэн малын гаралтай мах, өөх тос, цагаан идээ болон загасны тосонд их хэмжээгээр агуулагддаг.

Д витамин дутагдвал

Д витамин дутагдсан үед нойр муудах, цочиж сэрэх шинж илэрч болно. Нярай болон бага насны хүүхэд уйламтгай болох, хоолны дуршил буурах, улмаар сульдаа өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг.

Сульдаа нь ялангуяа өвөл, хаврын улиралд цөөнгүй тохиолддог. Мөн Д витамин дутагдсанаар яс зөөлөрч, сийрэгжин, гэмтэж хугарахад илүү амархан болдог байна.

Энэ амин дэм нь загасны тос, загасны түрс, далайн гаралтай хүнс, үхрийн элэг, тахианы өндөг, талх болон пивоны хөрөнгө зэрэг бүтээгдэхүүнд агуулагддаг.

С витамин дутагдвал

С витамин дутагдах үед бие суларч, нойр хүрэх, амархан ядрах, турж эцэх зэрэг шинж илэрч болзошгүй. Мөн нүүр, гарын арьс цайж, хуруу, хумс, уруул орчимд хөхөвтөр толбо гарах тохиолдол бий.

Дутагдал хүндэрвэл уруул, буйл хөхрөх, хавдах, цус гарах, шүд ганхаж өвдөх зэрэг шинж илэрч болно. Цаашлаад булчин, үе мөч өвдөх, арьсан дээр жижиг цус харвалт үүсэж, хөх толбо гарах эрсдэлтэй гэж үздэг.

С витамин нь ургамлын ногоон навчинд агуулагддаг. Ялангуяа нохойн хошуу, чацаргана, аньсны жимс, лимон, жүрж зэрэгт их хэмжээгээр байдаг. Мөн гүүний сүү, айраг болон исгэлэн чанартай цагаан идээнд бага хэмжээгээр агуулагддаг байна.

В төрлийн витамин дутагдвал

В төрлийн амин дэмд В1, В2, В6, В12 зэрэг хэд хэдэн төрөл багтдаг. Эдгээр витамин дутагдах үед амархан уур уцаартай болох, толгой өвдөх, бие сульдах, нүд аргах, үс унах, цус багадалтын шинж илрэх боломжтой.

В1, В2, В6 амин дэм нь гол төлөв талх, пивоны хөрөнгө, ургамал, хүнсний ногоо, үр тарианд агуулагддаг. Харин В12 витамин нь мах, өөх тос, ялангуяа үхрийн элгэнд ихээр байдаг аж.

К витамин дутагдвал

К витамин нь ургамлын ногоон навч, тэр дундаа нарсны шилмүүс, байцаа зэрэгт их хэмжээгээр агуулагддаг.

Энэ төрлийн витамины дутагдал тэр бүр тодорхой шинжээр илэрдэггүй ч арьсан дор, булчин, ходоод, гэдэс болон бусад эрхтэнд цус харвах эрсдэлийн нэг шалтгаан болж болзошгүй гэж үздэг.

Хоол хүнсээ зөв сонгох нь чухал

Амин дэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд нэг төрлийн хүнсээр хязгаарлагдахгүй, мах, цагаан идээ, үр тариа, ногоо, жимс, далайн гаралтай бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй.

Хэрэв ядрах, бие сулрах, буйлнаас цус гарах, арьсан дээр хөх толбо үүсэх зэрэг шинж удаан үргэлжилбэл өөрөө дур мэдэн витамин хэрэглэхээс илүү мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай үзлэг шинжилгээнд хамрагдах нь хамгийн зөв алхам юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу