Нийслэл таван павильоноор мэдээлэл хүргэж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж байна.
Нийслэлийн зүгээс нийт таван павильонд үйл ажиллагаа зохион байгуулж, түгжрэл, агаар болон орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй, тайван хот бий болгоход чиглэсэн шийдлүүдээ гадаад, дотоодын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон иргэдэд танилцуулж байгаа юм.
4000 ам метр талбайд 160 гаруй павильон байрлажээ
COP17-ын Ногоон бүсэд нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон байрлаж байна. Үүн дотор Улаанбаатар хотын зүгээс таван үндсэн чиглэлээр мэдээлэл өгч, ирээдүйн хот байгуулалт, дэд бүтэц, ногоон хөгжлийн бодлогоо олон нийтэд нээлттэй танилцуулж байна.
Улаанбаатар хот таван чиглэлээр төслөө танилцуулж байна
Нийслэлээс танилцуулж буй эхний чиглэл нь Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хотууд болон тусгай бүсүүдийн төлөвлөлт юм. Энэ нь хотын төвлөрлийг сааруулах, ирээдүйн суурьшлын шинэ бүсүүдийг төлөвлөх зорилготой.
Хоёр дахь чиглэлд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмж, авто замын өргөтгөл болон агаарын бохирдлыг бууруулах цогц төслүүд багтаж байна.
Гурав дахь чиглэлээр нийслэлийн эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх ногоон эрчим хүчний төслүүд, мөн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн талаарх мэдээллийг хүргэж байгаа аж.
Дөрөв дэх чиглэл нь нийслэлийн дөрвөн агро паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг танилцуулахад чиглэжээ.
Харин тав дахь чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүдийг нээлттэй дэлгэн үзүүлж байна.
Хөрөнгө оруулагчдыг хамтран ажиллахыг урив
Энэ үеэр нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдтэй танилцаж, хамтын ажиллагааны боломжийг ярилцахыг урьжээ.
Тэрээр “Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг Улаанбаатар хотоос хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдтэй танилцаж, хотын хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцохыг урьж байна. Энэхүү олон улсын хурал нь Улаанбаатар хотыг илүү аюулгүй, амар амгалан, ногоон хот болгон хөгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах томоохон боломж болж байна” гэлээ.
Ногоон хотын зорилтыг олон улсад танилцуулж байна
COP17-ын Ногоон бүс дэх Улаанбаатар хотын павильонууд нь зөвхөн мэдээллийн хэсэг бус, нийслэлийн хөгжлийн дараагийн үе шатыг олон улсын түвшинд танилцуулах талбар болж байна.
Түгжрэлийг бууруулах, бохирдлыг багасгах, ногоон эрчим хүчийг нэмэгдүүлэх, дахин боловсруулах үйлдвэр байгуулах, агро парк болон ногоон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг нь Улаанбаатар хотыг илүү тогтвортой, аюулгүй, амьдрахад таатай хот болгон хөгжүүлэх зорилготой юм.