Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн бичлэг цахим орчинд тархсантай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаж эхэлсэн бөгөөд урьдчилсан байдлаар Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний газарт ашиглагддаг хог ачих зориулалттай тээврийн хэрэгслийн ард тухайн гавлын ясыг байрлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
ЦЕГ-аас:
“Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгасан. Урьдчилсан байдлаар Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний газарт үйл ажиллагаанд ашиглагддаг хог ачих зориулалттай тээврийн хэрэгслийн ард тухайн гавлыг байршуулаад явсан гэх мэдээлэл байна. Нөгөөтэйгүүр тухайн машины жолооч, ажилчид Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь аваад хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон”
хэмээн мэдээлжээ.
Одоогоор гавлын яс хаанаас, ямар нөхцөлд гарсан, хүнийх мөн эсэх, уг хэрэгт гэмт хэргийн шинж байгаа эсэхийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
Цахим орчинд тархсан бичлэг олон нийтийн дунд шүүмжлэл, түгшүүр дагуулсан бөгөөд албаныхны мэдээллээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч, ажилчид хог ачих үедээ гавлын яс олсон гэж тайлбарласан байна.