Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, Дулааны хоёрдугаар цахилгаан станцын хашаанд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 4-нд эхлэхээр болсныг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
ДЦС-5-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барихаар төлөвлөсөн бөгөөд уг төслийн тендерт Камбож улсын “Митайм интернэйшнл” компани шалгарсан байна.
Шинээр баригдах тус станц нь төвийн эрчим хүчний системд:
- 300 МВт цахилгаан;
- 340 Гкал дулаан
нийлүүлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.
Станцыг Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сангийн газар дээр байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2028 онд ашиглалтад оруулах зорилт тавьсан байна.
ДЦС-5 ашиглалтад орсноор нийслэлийн хэд хэдэн бүсийн дулаан хангамж сайжрах төлөвтэй. ТЭЗҮ-д тусгаснаар дараах байршлуудыг дулаанаар хангана.
- Таван шар;
- 21 дүгээр хороолол;
- “Хилчин” хотхон;
- Баянхошуу;
- III, IV хороолол;
- I хороолол.
Төслийн нийт төсөвт өртөг 658.6 сая ам.доллароор тооцогдсон. Үүнээс нийслэл хариуцах 20 хувийн санхүүжилтэд зориулж 200 тэрбум төгрөгийн бонд гарган төлөхөөр болсон юм.