Долдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулсан ирэх саруудын буюу улирлын төлөв мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага орж, халуун өдрүүд олон хоногоор үргэлжлэх хандлагатай байна.

Төвийн аймгуудын нутгаар долоо болон наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх боловч хур тунадасны хэмжээ дунджийн орчим байх төлөвтэй гэж мэдээлэв. Энэ хугацаанд түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхи зэрэг аюултай үзэгдлийн эрсдэл нэмэгдэж, гол мөрний усны түвшин өсөх нөхцөл бүрдэж болзошгүй байна. Мөн говь болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас ахиу, сэрүүн, салхитай байх төлөвтэй тул болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Долоодугаар сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутаг, Өмнөговь болон Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Харин сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсэг, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгаа аж.

Наймдугаар сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөв гарчээ. Энэ сард нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Завханы ихэнх хэсэг, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага байх бол Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Есдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин сарын нийлбэр хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн ихэнх хэсэг, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байгаа юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу