Засгийн газраас эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа.
Уг тогтоолын хүрээнд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах бүх шатны үйл ажиллагаанд өртөг зардлыг гурваас доошгүй хувиар бууруулах үүргийг Эрчим хүчний сайд Б.Найдалаа-д өгсөн байна.
Мөн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, компаниудын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, компанийн засаглалыг сайжруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхийг даалгажээ.
Хэрэглэгчийн үйлчилгээ, цахим шийдлийг сайжруулна
Засгийн газраас хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, үйлчилгээг цахимжуулах, бүтээмж болон үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг мөн үүрэг болгосон байна.
Түүнчлэн хэрэглэгч өөрийн эрчим хүчний хэрэглээг хянах, хэмнэх, төлбөрөө илүү хялбараар зохицуулах боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Өвлийн оргил ачааллыг давах бэлтгэл хийнэ
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвлийн оргил ачааллыг хэвийн даван туулах зорилгоор хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг энэ оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Мөн Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх чадал нийлүүлэх “Зэс оюу” станцыг наймдугаар сараас өмнө ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах юм.
Үүнээс гадна эрчим хүчний системийн оргил ачааллын үед үүсэх чадлын дутагдлыг нөхөх зорилгоор батарей хуримтлуурын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тусгажээ.